“Матрёшка”, “Анжелло” болон “SS” клубын саун нь ариун цэврийн шаардлага хангахгүй тул хаах санал тавьжээ
Нийслэлийн цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлд саун массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад энэ сарын 23, 24-нд тус цагдаагийн газар болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч “Саун-Массаж” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын 14 офицер, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн 146 офицер, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 23 цагдаа ажиллаж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 73 саун массажны газрын үйл ажиллагааг шалгажээ.
Шалгалтад хамрагдсан саун массажны газруудад ихэвчлэн үйл ажиллагааны зөвшөөрөлгүй, ажлын байрны дүгнэлтгүй, архи согтууруулах ундаагаар хяналтгүй үйлчилдэг, массажист эмэгтэйчүүд нь мэргэжлийн үнэмлэхгүй зэрэг тодорхой зөрчилтэй байв.
Тухайлбал, Баянгол дүүргийн 05 дугаар хороонд байрлах “Мерси” сауны массажист эмэгтэйчүүд мэргэжлийн үнэмлэх, бичиг баримтгүй, 07 дугаар хороонд байрлах “Сувд” саун ажлын байрны зөвшөөрөлгүй, 9 дүгээр хороонд байрлах “Хаш” саун ажлын байрны дүгнэлтгүй, архи согтууруулах ундаагаар үйлчилж байсныг тогтоон, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Би Жи Эс” саун үйлчлүүлэгчиддээ шар айргаар үйлчилж байсныг таслан зогсоож, сауны газар согтууруулах ундаа хэрэглэж, холбогдох хуулийг зөрчсөн иргэнийг 10 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 80 мянган төгрөгөөр торгосон байна.
Мөн тус дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Хон Конг” саун ажлын байрны дүгнэлтгүй, архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүйгээр шар айраг худалдаалж байсныг таслан зогсоож, 55 лааз шар айраг, орлогын 420 мянган төгрөгийг улсын орлого болгон хурааж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн Сүхбаатар дүүрэгт оршдог Жим, Бест, Хан-Уул дүүрэгт оршдог “SS” клубын саун, “Анжелло” саун, Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороонд байрлах “Матрёшка” саун зэрэг нь ажлын байрны дүгнэлтгүй, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд ажиллаж байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоох саналыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна.
М.Жаргал
URL: