Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагынхантай санал солилцов
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал Лиджер Парыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Лиджер Пар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын талаар товчхон танилцуулсан. Уг байгууллага нь гадаадад ажиллаж буй Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэж ирж ажиллахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, энэ төрлийн хууль тогтоомжийг боловсруулахад хамтран ажилладаг аж. Тэрбээр энэ чиглэлд Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллахад хүндрэл үүсдэг бөгөөд эндээс гарах гарц нь хөдөлмөрийн хамтын гэрээг бий болгох гэсэн юм.
Г.Баярсайхан сайд түүнд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн боловсруулалтын талаар мэдээлэл өгч санал солилцохдоо уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үр нөлөөний үнэлгээ хийх, зардлын тооцоог хөндлөнгийн төрийн бус байгууллагуудаар хийлгэх, зардлыг санхүүжүүлэх боломжийн талаар ярилцсан.
Мөн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэнд олон улсын туршлагын талаар мэдээлэл хуваалцах, тэднийг чадавхижуулах сургалт семинар зохион байгуулах, олон нийт, судлаачид, төрийн байгууллагынханд хэрхэн танилцуулах талаар ч мөн санал солилцсон юм.
URL: