Д.Цэвээнравдан: Сайхан өвөл болно гэсэн төлөв гарсан
Цаг үеийн асуудлаар Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай ярилцлаа.
-Танай нутаг цас бага шиг байна уу даа. Өвөлжилт ямар байгаа вэ?
-Ер нь манай аймагт жилийн дунджаар нь авч үзвэл 80-90 мм цас ордог. Сүүлийн гурван жил зундаа хур тунадасны хэмжээ нэлээд нэмэгдсэн. Энэ жил олон жилийн дунджаасаа хоёр дахин их тунадас унасан. Хэдийгээр өвлийн сар гарсан ч намрын сар дуусаагүй шахам байна шүү дээ. Мичин жил хатуу болдог гэлцдэг.
Тиймээс хатуу жилийг өнтэй давахын тулд бид хур тунадасыг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авсан. Үүний тулд уламжлалт аргыг хэрэглэж байна. Магадгүй хур тунадас бага учраас харын зуд болох вий гэх байх. Гэхдээ манайд ийм зүйл тохиолдохгүй. Учир нь өвөл нь мал уул руугаа гарчихдаг. Уул нь харьцангуй цастай ч ам болгон булаг шандтай. Тэгэхээр усаар дутахгүй.
Харин говь талын сумдад цас багавтар орсон. Мөн хавар эрт ногоо ургана. Яагаад гэвэл, аравдугаар сар хүртэл бороо, цас орсон. Тиймээс мал эрт ногоо иднэ гэсэн үг. Мөн энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад будан их суулаа. Энэ бүгдээс харахад ирэх хавар, зун сайхан болно гэж бодож байна.
-Танай аймаг хэдэн тооны малтай байна?
-Манайх малын тоог маш сайн гаргадаг. 2013 онд хөрш зэргэлдээ Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарсан. Тэр үед залгаа оршдог таван сумын малд вакцин хийсэн юм. Тэгэхэд тоо, толгой яг таарч байсан.
Өнгөрсөн өвөл хоёрдугаар сарын сүүлчээр Булган суманд малын гоц халдварт өвчин гарах үед баруун гурван суманд вакцинжуулалт хийхэд бидний тоолсон тоо таарч байлаа. Гэтэл зарим аймагт 10 гаруй хувийн зөрүү гардаг.
Энэ жил 20000 гаруй тэмээ, 108000 орчим адуу, 155000 орчим үхэр, 1170000 орчим хонь, 1540000 орчим ямаа тоологдсон. Ер нь нийт малын 50 хувь нь ямаа байгаа боловч сүүлийн жилүүдэд хонь өсч байна.
-Өвөлжилтийн хүндрэл гарч байгаа сум бий юү?
-Нэг ч сум, баг алга. Нийт нутгийн 50 орчим хувь нь бараан байгаа. 30 орчим хувь нь бага зэрэг цастай. Энэ жил манай аймагт сайхан өвөл болно гэсэн төлөв гарсан. Мөн байгаль цаг уурыг шинждэг гол ус бий.
Тухайлбал, Чандмань сумын Шургуугийн голын төлвөөс харахад цаг агаар тааламжтай байна гэж нутгийн хөгшид хэлдэг. Энэ гол байгалийнхаа жамаар зарим жил гардаггүй юм шүү дээ. Тиймээс энэ гол гарвал гурван жилдээ өвөл нь өнтэй болдог гэлцдэг.
-Цаг агаар ээлтэй, сайхан байх нь. Ер нь өвөлжилтийн бэлтгэл хэр хангасан бэ?
-Манай аймгийн нийт малын 90 гаруй хувь нь дундаас дээш тарга хүч авсан. Өвөл хавартаа мал зутрах нь гайгүй. Есдүгээр сард хийсэн судалгаагаар манай аймгийн газар нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн даац хүрэлцээтэй гэж гарсан. Тэгэхээр бид энэ жил айх аюулгүй гэж харж байгаа. Бас өвөл, хаврын бэлтгэл ажлыг маш сайн хангасан.
Өөрөөр хэлбэл, зургадугаар сараас сум, баг бүрийн хийх ажил, үүрэг чиглэлийг тодорхой болгосон. Ингэснээр бэлтгэлээ эртнээс сайн базааж авсан гэж болно. 55000 тонн байгалийн хадлан, 2000 гаруй тонн гар тэжээл бэлтгэсэн. Мөн өнгөрсөн жилийн нөөцөөс гадна аюулгүйн нөөц нэмж татсан байгаа.
Түүнчлэн улсын нөөцийн гурван салбар бий. Үүнд шаардлагатай, өвс, тэжээл зэрэг бүхий л хэрэгцээтэй зүйлээ 100 хувь татаж авсан. Тиймээс хүндрэл багатай давах боломж бий. Бас хөрш зэргэлдээ аймгийн малчид манай аймагт өвөлжихөөр газар нутгаа заалгаж авсан байгаа.
Өмнө нь сум, багийнхаа ард иргэдтэй тохирох учиртай. Хэрэв тохиролцсон бол тухайн аймгийн малыг өвөлжиж байгаа бүсдээ бэлчээх ёстой гэдэг шаардлага тавьж байна. Яагаад гэвэл, айлын хаваржааны газрыг талхалж болохгүй.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: