Хүн биш ээ, оюутан байна

Сурахад нас оройтдоггүй гэж бид ярих дуртай ч нас хэвийсэн хойноо мэргэжлээ дээшлүүлж, мэргэжил эзэмшиж байгаа “оюунтан”-уудыг оюутны тооноос хасдаг гэсэн яриа чих дэлсэх боллоо. Автобусны араас гүйж байгаа залууг харсан нэгэн “Хүүе хүн суух гээд байна ш дээ” гэж жолоочид хэлэхэд “Хүн бишээ оюутан л байна” гэж хариулдаг гэх явган шог яриа байдаг. Гэтэл энэ явган шог нийслэлийн их дээд сургуулиудад биелэлээ олж, орой, эчнээ ангийн оюутнуудаа “хүний тооноос” хасдаг болжээ. Боловсролтой, боловсролгүй нь ч ав адилхан, сарын цалин гэж хэдхэн төгрөг авч, түүнийгээ амьдралдаа хүргэж ядаж яваа энэ нийгэмд дээд боловсрол эзэмшлээ гээд өндөр цалин авах нь хэцүүхэн л болоод байгаа.
Гэхдээ л оюунлиг Монгол хүний тоо нэгээр нэмэгдэж байгаад баярлах хэрэгтэй биз. Өнөөдөр Монгол улсад 102 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. 10000 хүнд оногдох сургууль болон оюутны тоогоор дэлхийд толгой цохиж яваа гэхэд хилсдэхгүй л болов уу. Энэ олон их, дээд сургуулиуд бүгдээрээ орой, эчнээ ангвдаа оюутан элсүүлдэг гэхээр хэчнээн хүн эчнээ ангиар мэргэжил эзэмшиж байгаа нь тодорхой.
Харин тэдэнд төр засгаас үзүүлж байгаа хөнгөлөлт, урамшуулал тун ч өчүухэн. Автобусанд ороод хөнгөлөлтөө эдлэх гэж хөгшин, залуугаараа дуудуулна, анги танхим нь хүрэлцэхгүй болохоор өдрийн ангийн оюутнууд амарсан хойно нь хичээллэнэ, оюутнууддаа хичээл заагаад олдохоо байсан багшийнхаа араас хөөцөлдөнө, оюутны элдэв хөнгөлөлтөд хамрагдаж үзээгүй гээд зовлон нь дундрахгүй. Тэдэнд төр засаг, Боловсролын яам жаахан ч гэсэн анхаарал хандуулмаар юм даа.
Орой, эчнээ ч гэлтгүй их, дээд сургуулийн оюутнуудыг тойрсон хэрүүл, намрын намарт өрнөдөг нь заншил болоод удаж байна. Энэ бүх хэрүүл дундаас иргэдийг хамгийн их бухимдуулдаг асуудал бол сургалтын төлбөр. Эх орны хишиг хэмээн нэг нэгнээ хөөрөгдсөн намуудын амлалт, арайхийн хэрэгжиж их дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрөөс жил бүр 500 мянган төгрөгийг төрөөс төлж эхэлсэн нь эцэг, эхчүүдийн нуруунаас жаахан ч гэсэн ачаа авч, олон жил дамжсан цалингийн зээлний өрнөөс гарч эхэлсэн.
Гэхдээ энэ сайхан мэдээ хэсэг бүлэгхүмүүсийг бухимдуулсан нь өнөөх л орой, эчнээ ангийн оюутнууд. “Нас явсан болохоос бид бас л оюутан хүмүүс. Бидний төлбөрийг ч гэсэн хөнгөлөх ёстой гэж хөлөө эргэтэл гүйсээр, сая нэг санасандаа хүрч 500 мянган төгрөгөөрөө төлбөрөө төлүүлэх болсон.
Гэхдээ тэдний зовлон энэ хүрээд дуусаагүй. Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-наас төрийн өмчийн, хувийн хэвшлийн их дээд сургуулиудын төлбөрийг 9.4 хувиар нэмнэ гэсэн шийдвэр гаргасан ч, энэ шийдвэр мөн л орой, эчнээ ангийн оюутнуудад хамаарахгүй гэнэ.
СУИС-ийн орой, эчнээ ангийн төлбөр өмнөх онд 825000 байснаа энэ онд нэг сая болж 22 хувиар нэмэгджээ. Сургалтын төлбөрөө 9.4-өөс дээш нэмэхгүй ээ хэмээн салбарын сайддаа ам тангарагаа өргөсөн эрхэм захирлууд ээж, аавдаа ховлож гүйх нас нь өнгөрсөн тэднийгээ дээрэлхээд байна уу эсвэл хүний хөгжлийн мөнгийг оюутнуудад олгохоо мартаж орхисон шигээ төлбөрийн шийдвэр гаргахдаа бас л мартчихсан юм болов уу.
Авч байгаа төлбөр нь ав адилхан ч үзүүлж байгаа үйлчилгээ, суралцаж байгаа орчин нь хангалтгүй байгааг орой, эчнээ ангийн оюутнууд гомдолтойгоор хэлж байлаа. Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг хорвоод хүний тооноос хасагдаж байна гэж гомдол “мэдүулээд яах вэ. Сурах ёстойгоо сураад л явж бай. Дараа жил шийдвэр гаргахдаа эрхэм түшмэд эрхбиш мартахгүй байлгүй дээ.

Б.Өнөртогтох


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих