Асашёорюү: Монголд хөлбөмбөгийн од байхгүй

Өчигдөр буюу энэ сарын 20-нд Японд Клубуудын дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт болсон билээ. Тоглолтод Испанийн алдарт “Барселона” баг Аргентиний “Ривер Плейт” багтай өрсөлдөж, 3-0 харьцаатай хожин, “Дэлхийн шилдэг клуб” гэсэн эрхэм хүндтэй цолын эзэн болсон.

Тус тоглолтыг Ёкохама хотын цэнгэлдэх хүрээлэнд их аварга Асашёорюү үзэж сонирхсон байна. Ойрын үед их аваргыг хараагүй Наран орны сэтгүүлчид түүнийг шаван ирж, сэтгэгдлийг нь сонирхоход Асашёорюү “Манай хүү Мессиг шүтэн биширдэг. Би ч багаасаа Барсаг дэмждэг байсан болохоор их баяртай байна” гэж ярьжээ.

Мөн сэтгүүлчид Монголын шигшээ баг дэлхийд 201-д бичигддэг, яагаад ийм сул байгаа талаар асуухад “Манайд од алга. Монголд хөлбөмбөгийн од гэвэл би л байх шив дээ” хэмээн цагтаа гэмтлээ эдгээхээр Монголд байхдаа Накататай цуг хөлбөмбөг тоглож, барилдах эрхээ хасуулснаа дурсан наргисан байна.

С.Эрин

Эх сурвалж: Time.mn


URL:

Сэтгэгдэл бичих