Смарт картны бизнес автобус компаниудыг дампууруулж эхэлжээ

Нийтийн тээврийн компаниуд сүүлийн хэдэн сар ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хүрчээ.

Энэ нь энгийнээр хэлбэл, автобуснуудын кондукторуудыг халж, билет хураадаг хайрцагтай болгосонтой холбоотой аж.

Хэдхэн хоногийн өмнө нийтийн тээврийн “Атибус” компанийг үйл ажиллагаагаа зогсоосон тухай нийслэлийн ЗДТГ-аас зарласан.

150 орчим ажилчинтай тус компани “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс баримталж байгаа бодлогын улмаас өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрчээ. Зөвхөн “Атибус” ч бус нийтийн тээврийн бусад компаниуд ч хүндрэлтэй байдалд хүрсэн байна.

Юуны учир ийм байдалд хүрснийг дор өгүүлье.

“Улаанбаатар смарт карт” компани 2014 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор өнгөрөгч 2014 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдсан. Харин энэ оны долдугаар сарын 24-нөөс нийтийн тээвэрт “U money” картыг нэвтрүүлж, нийтийн тээврийнхэнтэй хамтарсан гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн билээ.

Гэрээний дагуу автобуснуудад байрлуулсан бэлэн мөнгөний хайрцагт төвлөрсөн бүх мөнгийг харилцагч банкны ажилтнууд өдөр бүр “Улаанбаатар смарт карт” компанийн данс руу шилжүүлдэг аж.

Мөн “U money” картаар гүйлгээ хийгдсэн мөнгө мөн л тус компаниар дамжиж, нийтийн тээврийн компаниудад буцаан олгоддог аж. Ингэхдээ нэг автобуснаас хэдэн төгрөгийн орлого олсныг нийтийн тээврийн компаниуд мэддэггүй байна.

“Улаанбаатар смарт карт” компаниас анх гэрээ хийхдээ өдөрт 250 сая орчим төгрөгийг автобус компаниудад хувааж өгөхөөр тохиролцож байсан бол одоо “орлого муу” гэх шалтгаанаар өдөрт 150 сая төгрөгийг олгох болжээ.

Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс өдөрт 150 сая төгрөгийг 18 автобус компанид хуваан шилжүүлдэг. Гэвч уг мөнгө нь автобуснуудын түлш, тосны зардалд л таардаг гэнэ.

Автобус компаниуд өдрийн орлогоо банкинд тушаадаг боловч орлого хуваарилагдан ирэхэд хураалгасан мөнгөнөөс нь их хэмжээгээр дутдаг аж.

Өдгөө хаалгаа бариад байгаа “Атибус” ХХК-ийн өнгөрсөн аравдугаар сард орлогоос 55 сая төгрөгийг дутаажээ. Энэ мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй. Мөн “Блюбус” компанийн орлогоос 30 сая, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс 537 сая дутсан гэх шуум ч байна.

Мөн “Улаанбаатар смарт карт” компани автобус компаниудын орлогоос төхөөрөмж суурилуулсны төлбөр хэмээн10 хувийг нь“халаасалдаг” аж.

Уг нь гэрээний 6.3-т “Төсөл хэрэгжүүлэгчид ажил, үйлчилгээ эрхэлсний шимтгэл олгоно. Энэ шимтгэл нь хөрөнгө оруулалтын хэмжээ болон нийтийн тээврийн тасалбарын үнийн харилцан хамаарлыг харгалзан үзэж, нийтийн тээврийн салбарын үнийн 10 хүртэлх хувь байх бөгөөд түүний хэмжээг талууд судалгаанд тулгуурлан тохиролцож тогтооно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, яг 10 хувь гэж хэн ч заагаагүй. Гагцхүү 10 хүртэл хувийг талууд тохиролцох тухай бий. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай шимтгэл авах тухай үзэглэсэн гэрээ ч байхгүй юм байна.

Үүнээс болж нийтийн тээврийн “Атибус” компани тэргүүтэй бусад нийтийн тээврийн компаниуд өнөөдөр хүнд нөхцөлд ажлаа явуулж байгааг нэг бус эх сурвалж мэдээлж байлаа.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын мэдээгээр,өдөрт дунджаар 905 автобус үйлчилгээнд гардаг ба нэгавтобус өдөрт дор хаяж таван рейс хийдэг ажээ.

Автобус компанийн удирдлагуудынхэлж буйгаар, долдугаар сарын 29-нөөс хойш “Улаанбаатар смарт карт”-аас автобусны машин цагийн төлбөрийг 14500 төгрөгөөр тооцож өгч эхэлсэн юм байна.

Автобус компанийн удирдлагууд “Автобус цагт 18 мянга орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг. Гэтэл “Смарт”-ынхны хуваарилж байгаа мөнгө нь шатахууны зардалд л явж байна.

Нэг машин цагийн зардлыг анх шинэ системд ороход тодорхойлж олгоно гэсэн. Гэвч өдийг хүртэл тодорхойлоогүй байна. Тиймээс нийтийн тээврийн 18 компани ажилчдынхаа цалинг тавилгүй хоёр сар өнгөрлөө. Одоо ажилчдадаа хэлэх үггүйгээс баазынхаа хашаа руу ч орж чадахгүй байдалд хүрээд байна. Цаашид техникийн сэлбэг, хэрэгсэл ч тасрах дээрээ тулсан. Ийм алдагдалтай ажиллаж байгаа нь бидний хувьд үнэхээр хүнд байна.

Өнөө маргаашгүй Төрийн сан “үүдээ хаана”. Тэгэхээр нийтийн тээвэрт ажиллаж байгаа ажилтнууд маань л хохирогч болж байна шүү дээ. Нийтийн тээврийн салбарт ойролцоогоор 6000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Улсын өмчийн автобус компаниуд зээлээр шатахуунаа авч байгаа бол бидэнд зээл өгөх газар алга. Харин ч бүр парк шинэчлэлт, гарааж барьсан зэргээр банкнаас авсан зээлээ төлж чадахаа байсан. Зарим маань татварынханд байгууллагынхаа дансыг ч хаалгах дээрээ тулаад байна. Ажилчдынхаа сүүлийн дөрвөн сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй компаниуд ч байна” хэмээн халаглах аж.

Дээрх мэдээллүүдийг үндэслэн, хар ухаанаар бодоход “Улаанбаатар смарт карт” компаниас өдөрт олгодог 150 сая төгрөгийг 905 автобусанд хувааж үзэхэд нэг автобусанд 165 мянга 745 төгрөг ноогдож байна.

Нэг автобус өдөрт дунджаар 5 рейс хийдэг гэж үзвэл нэг автобус 152 мянга 500 төгрөгийгзөвхөн шатахуунд зарцуулах ажээ.

“Улаанбаатар смарт карт” компаний зүгээс олгогддог мөнгөнөөс өдөрт 13 мянган төгрөг нь тос, масло, сэлбэг хэрэгсэлд, ажилчдлын цалинд хүрэх үү?

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих