Гэрэл зураг түүх өгүүлнэ: Монгол улсын үндсэн хууль 1924, 1940, 1960, 1992

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэмлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.

 

Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль

Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм.

Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан юм.

 

Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хууль

Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны зургадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан байна.

Хоёрдугаар Үндсэн хууль 12 бүлэг, 95 зүйлтэй. 1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.

 

Монгол Улсын гуравдугаар Үндсэн хууль

Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан юм.

Энэхүү Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй. 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд:

“БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй.

Монголын Үйлдвэрчний Эвлэл нь Төв Зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл Төв Хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ.” гэж заажээ.

 

Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль

Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.” гэсэн заалт нэмсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа

2015 оны 11 дүгээр сарын 6-нд Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан юм.

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 тоот захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Цогоор ахлуулан байгуулсан болно. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн юм.

Энэ дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг томилох тухай 08 тоот захирамжийг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан болно. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр томилогдсон юм.

Мөн өдөр /2015.11.06/ Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.

2015.11.06. Зүүн гар талаас:

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Сундуйн БАТБОЛД

Монгол Улсын Их Хурлын гишүүн Мишигийн СОНОМПИЛ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдингийн ДЭМБЭРЭЛ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Нямжавын БАТБАЯР

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн ЭНХБОЛД

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Раднаасүмбэрэлийн ГОНЧИГДОРЖ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Сангажавын БАЯРЦОГТ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Намдагийн БАТЦЭРЭГ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Бямбадоржийн БОЛДБААТАР

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих