С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэн улстөржүүлээд байна вэ
С.Зоригийг хөнөөсөн хэрэг улстөржиж, улам хүрээгээ тэлсээр байна. Түүний эхнэр Д.Булганыг өнгөрсөн сард баривчилснаас хойш С.Зориг агсны хэрэг илрэх нь гэх таамаг мэдээлэл цацагдаж эхэлсэн. Учир нь түүний эхнэр уг хэргийн цорын ганц гэрч учраас тэр. Хуулийн байгууллагын зүгээс албан ёсоор ямар хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж байгаагаа мэдэгдээгүй. Тиймээс л үүнийг С.Зориг агсны хэрэгтэй холбон тайлбарлаад буй хэрэг.
Талийгаачийн эхнэрийг барьж, саатуулснаас хойш олон хүн С.Зориг агсныг алсан хэрэгт нэр холбогдож эхлэв. Эхлээд УИХ-ын гишүүн О.Содбилэгийн аав Ш.Отгонбилэг агсны нэр дуулдлаа. Түүнийг өөрийн малчин, тогооч нартаа захиалга өгч С.Зориг агсныг хөнөөлгөсөн тухай яриа гарав. Харин үүнд түүний хүү О.Содбилэг тайлбар өгөхдөө “Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна. Хэдэн сарын өмнө нөлөө бүхий нэг хүн намайг дуудаж, аавыг чинь С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хэлсэн. Хоёулаа учир битүүлгээр амиа алдсан энэ хоёр хүний хэргийг хооронд нь холбох гэсэн улс төрийн зорилготой зохиол явж байна” хэмээн өөрийн бодлоо илэрхийлсэн юм. Чухам 17 жил дуугүй байсан С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 2016 оны сонгуулийн өмнө ийнхүү улстөржиж эхэллээ. Ингэхдээ Ш.Отгонбилэг агсныг холбогдуулсан нь юуны учир вэ.
С.Зоригийг Ш.Отгонбилэг хөнөөсөн хэмээн бичигдэж эхлээд удаагүй байтал түүнийг Э.Бат-Үүл хөнөөсөн, хэргийн эзэн олдлоо гэх мэдээлэл түгэв. Хэрэг гардаг өдөр Э.Бат-Үүл малгайгаа орхисон нь хэргийн гол баримт гэж үзсэн талаарх мэдээлэл “Ноцтой мэдээ” сонинд цацагдсан. Үүнийг шалгуулахаар Хотын дарга Э.Бат-Үүл хуулийн байгууллагад хандсанаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Энэ мэт улс төрийн зорилго агуулсан, сонгууль бүрийн өмнө С.Зориг агсны хэрэг илэрсэн, эзэн холбогдогч нь тодорхой болсон мэтээр бичдэг нь нууц байхаа хэдийнэ больж. Харин энэ удаа уг асуудлыг хэн сөхөж гарган, дээрх хүмүүсийг улс төрийн зорилгодоо татан оролцуулаад байна вэ. Үнэхээр С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг илрэх байсан бол 17 жилийн өмнө л илэрчих байсан биз. Илрүүлж болохгүй учраас л өнөөдрийг хүрсэн. Ийнхүү илрүүлэхгүйгээр барахгүй, сонгуулийн өмнөх шоу болж буйд харамсаж байна. Энэ бүгдийн цаана хэн нуугдана вэ.
М.Төр
Эх сурвалж: Tsenzurgui.mn
URL: