Эдийн засгийг алт л аварна

fsdfsdfsdfs

Өнгөрсөн оны сүүлчээр найман хувьтай байсан эдийн засгийн өсөлт энэ жилийн эцсээр 2.5 хувь болж буурсан гол шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалтын татралт гэж шинжээчид харж байна. Манай зэс, нүүрсийг худалдаж авдаг Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан гэх том шалтгаан бий.

Сүүлийн таван жилд экспортын 90 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь уул уурхайн салбарт ногдож байсан нь үүний гол нотолгоо. Гадаадын хөрөнгө оруулалт оргил үедээ 4.6 тэрбум ам.доллар хүрдэг байсан бол өдгөө 15.9 сая ам.доллараар хэмжигдэж байна. “Өмнөх буюу 2009 оны хямралын үед уул уурхай, барилгын салбарын өсөлт саарч дараа нь үйлчилгээний салбар муудсан бол одоогийн байдлаар үйлчилгээ, уул уурхайн салбар уналттай байна” гэж “Эгүлэ капитал”-ынхан онцолжээ.

Ирэх онд ч эдийн засаг хүндхэн үргэлжилнэ гэсэн таамгийг судалгааны хэд хэдэн байгууллага гаргаад байна. Тэдний нэг нь сая дурдсан “Эгүлэ капитал”. Тэд ирэх оны эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь гэж төсөөлжээ. Судалгааны “Мандал даатгал” компани ч гэгээтэй зүйл олж харахгүй байгаагаа дуулгалаа.

Тэд ирэх онд эдийн засгийн өсөлт 3.6-4.4 хувьд хүрэх болов уу гэж таамаглажээ. “Мандал”-ын таамгаар бол ирэх оны эдийн засаг өнөө жилийнхээс дээрдэхгүй нь. Ирэх оныг “Мандал”-ынхан зээлийн чанаргүйдэл нэмэгдэнэ, төсөв хүндэрнэ, эдийн засгийн өсөлт ажиглагдахгүй гэж харжээ. Дэлхийн банк, АХБ, ОУВС, Монголбанк, Сангийн яамны төсөөлөл ч айхтар өөдрөг биш. Эдийн засаг 4.3 хувьд хүрч өсч магадгүй гэцгээж. Магадгүй гэж болгоомжилсон нь цаанаа учиртай.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр хэрхэхээс, уул уурхайн том төслүүдийн явц муу байвал үүнээс ч уруудах эрсдэлтэй гэсэн сануулга энэ үгний ард бий. Монголын уул уурхайн голлох бүтээгдэхүүн гэвэл зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр. Тодруулж хэлбэл доллар олж ирдэг гол бүтээгдэхүүнүүд маань. Эдгээр ашигт малтмалын үнэ ирэх онд ямар байхаас унах босох маань шалтгаална гэсэн үг.

Зэсийн үнэ үргэлжлэн уруудна

Дэлхийн банк, Лондонгийн металлын бирж зэрэг олон улсын байгууллагуудын тайланд зэсийн 45 хувийг импортолдог урд хөршийн эдийн засгийн өсөлтийг 2018 он хүртэл буурна гэж онцолжээ. Дэлхий үгийг нь анхаарч сонсдог шинжээчид ч Хятадын эдийн засаг ойрын гурван жилдээ сэргэхгүй гэсэн гутранги таамаг хэлээд эхэлчихсэн. Хятадын эдийн засаг сайн биш ирэх жилүүдэд зэсийн үнэ үргэлжлэн буурна гэж тэд ам нийлүүлж байна.

Зэс, никель зэрэг металлууд газрын тосны үнийн бууралт, арилжаачдын Хятадын эдийн засгийн талаарх сөрөг төсөөллөөс шалтгаалж буурч байгаа гэх таамгийг Glen­core зэрэг зарим уул уурхайн компани тайландаа тусгажээ. Хөрөнгө оруулагчдын тухайд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ашиг багатай ажилласан учраас зах зээлийг богино хугацаанд эргэж сэргэнэ гэх итгэлгүй байгаа аж.

Тэгэхээр ирэх онд зэсийн үнэ одоогийнхоос буурах нь тодорхой болчихож. “Голдман сакс” гэхэд л ирэх оны зэсийн үнийг 4500 ам.доллар гэж төсөөлжээ. Ийм багаар төсөөлснөө мөн л Хятадын эдийн засгийн удаашралтай холбожээ. Эрдэнэт үйлдвэрт зэсийн одоогийн үнэ хүндхэн тусч байгаа. Борлуулснаасаа давсан үнээр зардал гаргачихгүйн тулд аль байдгаараа хичээж буй. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ирэх хавраас эрчимжинэ.

Далд уурхайн санхүүжилтийн гэрээнд ирэх лхагва гаригт гарын үсэг зурна гэсэн мэдээлэл цацагдаж байна. “Рио” уг бүтээн байгуулалтад шаардлагатай дөрвөн тэрбум гаруй ам.долларыг олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгож байгаа юм. Энэ жил далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд гэхэд л 300 сая ам.доллар зарцуулж буй. Далд уурхай тойрсон сайн мэдээ шил дарж байгаа учраас ил уурхайн олборлолт хэвийн үргэлжилж таарна.

Технологи энэ тэр нь Эрдэнэттэй харьцуулах аргагүй учраас олборлолтын зардал дээр толгой өвдөх зовлонгүй. Зэсийн үнэ “Голдман сакс”-ын таамагласан 4500 ам.доллараас эрс уруудчихгүй л бол Оюутолгой олборлосноо борлуулаад дажгүй мөнгө эдийн засагт оруулчих боломжтой.

Өөр нэг гэгээтэй мэдээ дуулгахад сар ирэх бүр хумигдсаар 9.8 их наяд болоод буй зээл олголт хавраас эрчимжих далд уурхайн бүтээн байгуулалтаас хойш мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэх төсөөлөл байна. Үлдсэн санхүүжилт нь шийдэгдэх шатандаа яваа зэс молибдений Цагаан суваргын ордын хувьд ирэх онд ашиглалтад орохгүй учраас таамаглалын гадна орхилоо.

Нүүрсэнд найдах зүйлгүй

Уг нь төмөр замаа бариад Таван толгойгоос нүүрсээ зөөвөл овоо хэдэн доллар олчих боломж бий. Гэвч Япон, Хятадтай хамтарч Таван толгойг ашиглах хувилбар өнөө хэр шийдлээ олоогүй. Улс төрийн том эрх ашиг цаана нь бий учраас сонгуулиас өмнө лав тодорхой шийд гарахгүй гэцгээж буй.

Ийм үед ирэх онд нүүрснээс айхтар их мөнгө олж эдийн засгаа тэтгэх боломж харагдахгүй байна. Нүүрсээ зардаг Хятадын эдийн засаг удааширсан хэвээр, дээр нь агаарын бохирдлыг бууруулах бодлого урд хөршид хэрэгжээд эхэлчихсэн. Ийм шалтгаанаар Хятад улс нүүрсний хэрэглээгээ эрс хумих чиг рүү явж байгаа. Гэсэн хэр нь Австрали, Оросоос эхлээд тийшээ нүүрсээ зардаг улсууд нийлүүлэлтээ багасгах сонирхолгүй хэвээр гэдгийг Хятадын нүүрсний импортын сүүлийн үеийн статистикаас харчихаж болно.

Эрэлт багасч нийлүүлэлт өсөхөөр үнэ хямдрах нь тодорхой. Нүүрсний үнэ ирэх онд өсөхгүй, уруудах нь ойлгомжтой болсон гэсэн үг. Ийм цагт “Эрдэнэс Таван толгой”-гоос бусад нүүрс экспортлогчид олборлолтоо зогсоочихоод байгаа. Тэгэхээр Монгол Улс 2016 онд нүүрснээс их хэмжээний мөнгө олно гэж найдалтгүй болчихоод байна.

Алт үнээ алдахгүй

Алт руу чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа, томоохон төв банкуудын алт худалдан авалтын хэмжээ багассан, эрэлт, нийлүүлэлтийн аль аль нь сайн биш гэсэн таагүй мэдээ алтны зах зээл дээр бий. Алтны үнэ мянган ам.доллараас буурна гэсэн гутранги таамаг ч байгаа. Алтны ханш ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс шалтгаалдаг. Ам.долларын ханш сүүлийн үед илт чангарсан. Одоо ч чанга байгаа. Тэр хэрээр алтны үнэ суларч буй. Энэ сарын 16-нд АНУ-ын холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ өсгөх эсэхийг шийднэ.

Хэрвээ өсгөвөл ногоон валют чангарч алтны ханшид сөргөөр нөлөөлөх болов уу гэсэн таамаг бий. Гэхдээ илүү гэгээтэй таамаг, төсөөлөл нүүрс, зэсээс илүү алтны зах дээр л байна. Хөрөнгө оруулагчдын хувьд Хятадын Төв банкыг алтны худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Тэдний хүлээлт биеллээ олж, Хятадын Төв банк алтны худалдан авалтдаа анхаарвал алтны үнэ өсөх нэг том шалтгаан яах аргагүй мөн. HSBC-ийн шинжээчид “Өнгөрсөн сард алтны үнэ сүүлийн таван жилийн хамгийн бага түвшиндээ хүрсэн. Тийм учраас ирэх онд эргэж өснө” гэж онцолжээ.

Эрдсийн зах зээл дээр судалгаа тандалт хийдэг MIBG-гийн гүйцэтгэх захирал А.Билгүүн ч алтны үнэ зэс, нүүрснийх шиг буухгүй өснө гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрээр “Хөрөнгө оруулагчид айдас ихтэй байх тусмаа валютад итгэдэггүй. Мөнгөө алт болгож хадгалуулахыг илүүд үздэг. Тэр утгаараа алтны үнэ ирэх жил дажгүй байх болов уу. 1000-1100 ам.долларт хэлбэлзэнэ гэсэн таамаг байна. Зэс, төмрийн хүдэр, нүүрснийх шиг унахгүй.

Ер нь баялгийн үнэ Хятад, Энэтхэг, Орос, Бразил гэх БРИКС-ийн гишүүн орнуудын эдийн засгаас хамаардаг. Оросын эдийн засаг энэ онд уналттай гарах нь тодорхой болчихсон. Ирэх жил ч сайн биш байх зураг гараад байгаа. Хятадын эдийн засгийн хувьд энэ жил долоон хувьдаа байх ч ирэх жил уруудна гэж буй. БРИКС-ийн эдийн засгаас Бразил арай гайгүй нь. Гэхдээ Орос, Хятад хоёр суларчихаар нүүрс, зэс зэрэг объем ихтэй товарын үнэ хэцүү болчихлоо л доо.

Эцэст нь хэлэхэд уул уурхайг алт л аврахаар байна. Алтны хувьд Заамарын жижиг ордууд, өчнөөн тооны шороон ордууд байна. Оюу толгой алттай. Яг алтаараа дагнасан, эхлэхэд бэлэн болсон том төсөл гэвэл Гацуурт л байна. Шинжээч, судлаач, уул уурхайнхан энэ ордын ажлыг цаг алдалгүй урагшлуулах хэрэгтэй гэсэн байр суурийг хэлээд байдаг нь ийм учиртай” хэмээн ярилаа. Гацууртын ордод төр хувь эзэмших асуудал УИХ-ын түвшинд яригдаж эхлэх шатандаа яваа. УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж хэд хэдэн удаа хуралдсан ч тоймтой шийд гараагүй өнөөг хүрсэн юм.

“Гацуурт” төслөөс Монголд оруулах шууд өгөөж нь 2.3 их наяд төгрөг. Татвар хураамж, элдэв зардал, дотоодод хийх худалдан авалт, Монгол ажилчдын цалин, орон нутагт хэрэгжүүлэх төслүүд, хандив зэргийг шууд өгөөж гээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэж бас бий.

Энгийнээр хэлбэл төсөлд бараа, үйлчилгээ ханган нийлүүлдэг компаниудын ашиг орлого гээд эдийн засагт шууд бус утгаараа мэдрэгдэж буй эерэг нөлөөг үржүүлэгч гэж тодотгодог. Шууд өгөөжийг 5-7 дахин нэмэгдүүлэхэд үржүүлэгч нөлөө нь гараад ирнэ гэж үздэг. Ингээд тооцоход зөвхөн “Гацуурт” гэхэд л эдийн засагт арван их наяд төгрөгтэй дүйцэхүйц өгөөж өгөх нь. Гацууртаас гадна “Эрдэнэ ресурс”-ийн алт, зэсийн орд бий. Дажгүй нөөц илрэх магадлалтай дараагийн орд дээрээ хайгуул хийх мөнгө босгохын тулд Баянхонгор аймагт орших “Алтан нар” орддоо олборлолт явуулах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ирэх онд олборлолт нь эхэлбэл гарцаагүй сайн мэдээний нэг болно. Эцэст нь дүгнэж хэлэхэд мөнгө олох ганц салбар уул уурхай гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрч байгаа. Эдийн засаг ганц салбараас хамаарч буй нь гашуун ч гэлээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн. Уул уурхайн салбар ДНБ-ий 22 хувийг эзэлж байгаа. Уул уурхайн голлох бүтээгдэхүүн нүүрс, зэс, төмрийн хүдрийн зах зээл ирэх онд тааруу байх нь олон улсын судалгааны байгууллагуудын таамаг төсөөллөөр тодорхой болчихлоо.

Алтны ханш л хэлбэлзэхгүй гэдгийг хэд хэдэн шинжээч онцолж байна. Тэгэхээр эдийн засгийг нуруундаа үүрэх уул уурхайг аврах гол гарцын нэг нь алт болж таарч байна. Уул уурхайгаас гадна барилгын салбарт эрсдэл өндөр байна. Шинжээчдийн таамгаар бол ашиглалтад орсон байрнууд ирэх онд ч авах хүнгүй, эзэнгүйдсэн хэвээр байх бололтой.

Үүнийг дагаад банкны салбар ч эрсдэл үүрч мэдэх нь. Арай гайгүй гэгдэж буй хөдөө аж ахуйн салбар ч өнгөрсөн зуны гангаас болж тэнхрээгүй хэвээр байгаа нь ирэх оны эдийн засагт нөлөөлнө гэж учир мэдэх улс ярьж байна.

Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хэрээр долларын ханш суларна

Харин ам.долларын ханш ирэх онд суларна, тогтвортой байна гэсэн төсөөллийг бидний хандсан судалгааны байгууллагууд дуу нэгтэй хэллээ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл гэсэн тайлбартайгаар. “Мандал даатгал” гэхэд “Төсвийн алдагдлыг ДНБ-ий дөрвөн хувиас хэтрүүлэхгүй бол, эдийн засгийн өсөлт гурван хувиа алдахгүй тохиолдолд, гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 3.7 хувьтай тэнцэх хэмжээнд орж ирвэл валютын ханш одоогийнхоос 20-40 төгрөгөөр бууна” гэж таамаглажээ.

Харин гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ий 7.1 хувьтай тэнцэхээр хэмжээнд орж ирвэл ам.долларын ханш 60-90 төгрөгөөр буурах боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Тэгэхээр аль ч талаас нь харсан гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байж л одоогийн таагүй байдлаас гарах нь.

Оюу толгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт эрчимжсэн мэдээ долларын ханшийг тогтвортой байлгасаар шинэ онтой золгоно гэж эдийн засагчид онцолж байна.

Б. Бат


URL:

Сэтгэгдэл бичих