“Гайхамшигт аялал буюу нэгэн бадарчны түүх” (Өгүүллэг)

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна.

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна. – See more at: http://www.wikimon.mn/content/65243.shtml#sthash.1QKd80ZQ.dpuf

Чарльз Диккенс
Шүүмжлэлт реализмын томоохон төлөөлөгч болох Английн зохиолч Чарльз Диккенс 1812 онд мэндэлсэн агаад нийгмийн сэдэвт олон романаараа дэлхийд алдаршсан юм. Усан боомтын доод албаны түшмэлийн хүү болж төрсөн Диккенс бага балчир наснаасаа дутагдах гачигдахын зовлонг амсаж, эцэг нь өр төлбөрөө дийлээгүйн улмаас шоронд орсон тул арван настайгаасаа эхлэн хар бор ажил хийж явсаар сонины сурвалжлагч болсон ба дараа нь Английн парламентад бичээчээр ажиллаж байсан нь зохиолч болоход нь нөлөөлсөн байна. Диккенс уран бүтээл туурвиж байсан гучаад жилийнхээ турш арван таван роман, хэд хэдэн тууж, жүжиг, найрууллын ба өгүүлэгийн түүвэр бичсэн юм.

Тэрбээр этгээд адал явдлын тухай өгүүлсэн “Оливер Твист” (1838), “Николас Никелбийн амьдрал, адал явдал” (1839), “Мартин Чезлвит” (1844), “Домби, хүү хоёр” (1848), “Хүйтэн байшин” (1853), “Бэрх үес” (1854), “Бяцхан Доррит”, “Их горьдлого” (1861), “Бидний цөмийнх нь найз” (1865),  “Хуучны эд юмсын дэлгүүр” (1841), “Христийн мэндэлсэн өдрийн туужууд” (1843-1846) зэрэг сургамжийн чанартай сентиментал роман, “Барнаби Раж” (1841), “Хоёр хотын тухай тууж” (1859) түүхэн роман, “Дэвид Копперфилд” (1850) хэмээх хүмүүжлийн роман тус тус бичсэн байна. Мөн “Гэрийн уншлага”, “Бүтэн жил” хэмээх утга зохиол, уран сайхны хоёр сэтгүүл эрхлэн гаргаж байжээ. Тэрбээр хүнд өвчин туссан учраас хамгийн сүүлчийнхээ томоохон бүтээл болох “Эдвин Друдын нууц” романаа дуусгаж амжилгүй1870 онд насан өөд болжээ.


Эрт урьдын цагт юм гэнэ. Энэ бидний үеэс өмнө юм гэнэ ээ. Эгэл нэгэн бадарчин их замын аянд гарчээ. Ид шидийн гэмээр л аялал байсан юмсанж. Аяллаа эхлүүлэх үест их урт санагдаж байж. Харин аян замдаа ороод явтал их л богинохон байв гэнэ ээ. Тэрбээр хэнтэй ч таараалгүй харанхуй замаар хэсэг явсаны эцэст нэгэн хөөрхөн хүүтэй тааралджээ. Тэгээд хүүгээс“Чи энд юу хийж байгаа юм бэ?” гэж асуутал хүү “Би үргэлж л тоглож байдаг юм. Надтай хамт наадан тоглооч” гэжээ. Ийнхүү тэд бүхэл өдөржингөө хамтдаа хөгжилдөн наадаж гэнэ. Номин цэнхэр тэнгэрт алтан наран илч гэрлээ цацруулан мишээж, цэнгэг уст голын эргээр цэцэг навч халиуран ногоорч, шувууд нь шулганан дуулж, эрвээхэй нь эргэлдэн нисээд эх болсон байгаль дэлхий үнэхээр үзэсгэлэн төгөлдөр ажгуу. Бороо ороход тэд болор мөнгөн дуслыг нь шохоорхон харж, аадрын дараахь анхилам үнэрт мансуурдаг байлаа. Сонсоод л баймаар сайхан үгсийг шивнэх адил сэвшээ зөөлнөөр үлээж асан салхин үүлсийг гэнэтхэн урдаа тууж, моддыг үндсээр нь булгалж, байшингийн яндангаар шургаж бүхэлд нь сэгсэрч орхиод, амгалан мэлтийх тэнгист тулж очуутаа айхтар шуурга дэгдээж оддогийн учрыг алмайран гайхаж ярилцдаг байлаа.

Харин цас ороход тэд хамгийн ихээр баярлана. Сая сая цагаан шувууд тэнгэрээс буугаад ирэх шиг лавсан орох цасан ширхэгүүд газарт унахдаа гүн хунгар үүсгэхийг харж, цасны хөлийн дор чахрах чимээг чагнах шиг сайхан зүйл тэдэнд байсангүй. Хорвоогийн хамгийн гоёмсог тоглоомууд, гайхмаар сайхан зурагтай номууд ч тэдэнд хангалттай олон байв. Ой мод, агуй хад, одой хүмүүс, аварга биетнүүд, аймшигт мангас, үлгэрийн дагинас, эрэлхэг баатрын илд, хэрэгсэл, эд баялаг цөмөөрөө номд нь бий. Энэ бүхнийг үнэн гэдэгт эргэлзэлгүй тэд ч итгэдэг байв. Гэтэл нэгэн өдөр хүү гэнэтхэн алга болчихов. Бадарчин маань түүнийг дуудаад л байж, дуудаад л байж. Гэвч ямар ч хариу сонссонгүй. Тэгээд аяллаа үргэлжлүүлж, дахиад л хэсэг ганцаараа явсаны эцэст нэгэн царайлаг хөвгүүнтэй учирчээ.

Хөвгүүнээс “Чи энд юу хийж байгаа юм бэ?” гэж асуувал хүү “Би үргэлж суралцаж байдаг юм. Надтай хамт ном эрдэм сураач” хэмээжээ. Ингээд тэд хамтдаа эртний Герег, Ром, эрхэс, од гаригсын тухай, ер нь бол энд бичиж барахааргүй их олон зүйлийг судлаад л байж, сураад л байж. Эргээд бодоход даанч ой тойнд нь үлдсэн нь бага аж. Гэхдээ тэд цаг үргэлж сураад байсан ч юм биш л дээ. Цэнгэлдэж, хөгжилдөхөө ч мартсангүй. Зун болохоор усанд сэлж, өвөл болоход мөсөн дээр гулгаж, агаар салхинд алхаж, аргамаг хүлгийн нуруун дээр салхи татуулан давхив. Бөмбөгтэй бүх л спортоор хичээллэнэ. Бүгдийг нэрлэж хэлнэ гэвэл барагдахгүй. Ямартай ч ялагдаж ер үзээгүй л юм даа. Хамтдаа бас баяр тэмдэглэнэ, үүр цайтал бүжиглэнэ, театрт очиж хөгжилдөнө. Хорвоо дэлхийн бүхий л гайхамшгийг үзэж харахаар тэмүүлнэ. Тэд бас олон сайхан анд нөхөдтэй байв. Нэрлэж бүгдийг нь хэлнэ гэвэл нэлээд их хугацаа орно шүү. Тэд нар нь бүгдээрээ хөвгүүний нэгэн адил орь залуухан, төрснөөсөө эхлээд л хэн хэнээ мэддэг байсан юм шиг ойр дотно байлаа. Баяр жаргалтай өдөр хоногууд өнгөрөн одож байтал гэнэт нэг өдөр хөвгүүн бас л ор сураггүй алга болчихов. Бадарчин маань түүнийг хий дэмий баахан дуудсаар, аргаа бараад ахиад л ганцаараа аяллаа үргэлжлүүлэх болжээ.

Хэсэг хугацаанд мөн л хэнтэй ч тааралдалгүй явсаар нэгэн залуу эртэй дайралдаж гэнэ. Залуу эрээс “Чи энд юу хийж байгаа юм бэ?” гэж асуувал “Би үргэлж л хайрлан дурлаж байдаг юм. Хамтдаа явж хайр дурлалд умбацгаая” гэжээ. Ингээд тэд явсаар хамгийн үзэсгэлэнт бүсгүйтэй учирч гэнэ.Тэр нь “Нааш харахад наад далайн загас жараахай гэрэлтэм, цаашаа харахад цаад далайн загас жараахай гэрэлтэм” гэдэг шиг л царайлаг төрсөн бүсгүй юмсанж. Залуу эр түүнд анхны харцаар л дурлаж орхив. Анхандаа бүсгүй залуугаас гэрэвшиж, зугтдаг байсан ч өдөр алгасалгүй захидал бичилцэж, үдшийн цагаар биесээ түшин суусаар нэг л мэдэхэд хэн нэг нь байхгүй бол хачин их гунигладаг болчихсон байлаа.

Заримдаа тэд бие биедээ эрхэлж тунирхана, тэгснээ тун удалгүй эвлэрч инээлдэнэ. Хэн хэндээ мэдэгдэхгүйг хичээвч хаа ч явсан хоёр биенээ харцаараа эрнэ. Зул сарын баяраар сүй тавьж, ил галын дэргэд биесээ түшин суусан тэр л өдрөөс эхлэн тэд нэг насаараа хамтдаа амьдрахаар болжээ. Гэтэл нэг л өдөр бусад найз нөхөд нь орхиод явсан шиг тэд ч бас бадарчинг маань орхиод ор сураггүй алга болчихжээ. “Эргээд ирээч” гэж хичнээн дуудавч сураг чимээ байсангүй тул дахиад л ганцаараа аялах болов. Тэгж явсаар нэгэн өдөр хижээл насны эртэй тааралдаж гэнэ. Түүнээс “Чи энд юу хийж байгаа юм бэ?” гэж асуувал “Би үргэлж л завгүй байдаг юм. Чи ч бас надтай хамт явж завгүй амьдар” гэж гэнэ. Ингээд тэд хормын төдий ч амсхийх чөлөөгүй хөвч ойгоор хэрэн хэсчээ. Бүхий л аяллынхаа туршид тэд ойн модон дундуур явав. Урин хаврын цагаар дөнгөж ургаж эхлээд байсан зулзаган модод саглагар ногоон мөчрөө дааж ядан байх шиг, хавар эрт нахиалсан заримынх нь навчис хүрэн бор туяатай болоод эхэлчихсэн байх аж. Хижээл эр ганцаараа биш ажээ.

Түүнтэй ойролцоо настай болов уу гэмээр нэгэн эмэгтэй байх ба тэрбээр эхнэр нь юмсанж. Хүүхдүүд нь ч бас хамт явж байлаа. Тэд ачаагаа үүрээд, өмнөх замаа чөлөөтэй болгохын тулд заримдаа моддыг огтлон хөрөөдөж, унасан навчис, хугарсан мөчрийг замаасаа зайлуулж, амрах ч чөлөөгүй ой дундуур алхсаар л байлаа. Хэсэг явж байгаад тэд ойн чөлөөнд гарч ирэв. Гэтэл “Аав аа, намайг хүлээгээрэй” гэх дуу алсаас тодхон сонсогдоход бүгд эргэж харвал бяцхан жаалын дүрс тодорсоор тэдэн дээр гүйж иржээ. Бүгд түүнийг тэврэн үнсэж, дундаа хөтөлсөөр аяллаа үргэлжлүүлэн цааш явлаа. Тэд аялсаар, замдаа таарсан ойн чөлөөнд саатсаар, нэгэн удаа зогсох болоход хүүхдүүдийн нэг нь “Аав аа, би гадаад далайд аялахаар явлаа” гэв. Гэтэл өөр нэг нь “Аав аа, би харь оронд зочлохоор явлаа” гэж гэнэ. Гурав дахь нь “Аав аа, би өөрийн хувь тавилангаа эрж хайхаар явлаа” гэжээ. Харин хамгийн бага нь “Аав аа, би тэнгэр рүү явлаа” гээд гүн хөх огторгуйд замхран одож гэнэ. Хижээл эр нүдэндээ нулимстайгаар хүүхдүүдээ аян замд нь үдсээр эхнэртэйгээ үлдэж гэнэ. Энэ үед бадарчин маань найзыгаа ажиглан харвал тэнгэрийн хаяаг ширтэн зогсох түүний тас хар үсэнд мөнгөн сор тодорсон байв. Нар жаргах дөхөж байлаа. Тэндээ удаан саатсангүй, тэр даруйдаа л цааш хөдлөв.

Учир нь, тэдэнд удаж саатах зав үгүй шүү дээ. Хүүхдүүд нь өөр өөрсдийн зам мөрийг хөөгөөд одсон болохоор хижээл эр эхнэртэйгээ, бадарчинтай гурвуулаа аян замаа үргэлжлүүлж байлаа. Модод аль хэдийнэ шар өмсгөлөө нөмрөөд, зарим нь навчсаа гөвөөд эхэлчихжээ. Тэдний замд тааралдах ойн чөлөө одоо улам л харанхуй болох аж. Гэтэл эхнэр нь гэнэт зогсоод “Эр нөхөр минь, хадан гэртээ харих цаг минь болжээ” гэв. Яг энэ үед “Ээж ээ, ээж ээ” гэх дуу алсаас цуурайтав. Тэнгэрт одсон хүү нь ээжийгээ дуудсан нь тэр байлаа. “Битгий яваач, одоо цаг нь биш. Би гуйж байна. Нар удахгүй жаргах гэж байна шүү дээ” гэж хижээл эр аргаа баран гуйлаа. Одоо түүний үс цал буурал болжээ. Хоёр хацрыг нь даган нулимс урсана. Эцгийн шаналлыг үл ажрах мэт ээжийгээ дуудах хүүгийн дуу улам тод сонсогдсоор л байлаа. Эхнэр нь нөхрөө тэвэрч үнсээд “Хайрт минь, явах цаг минь нэгэнт болжээ. Хорвоогийн жамыг бид сөрж чадна гэж үү? хэмээгээд харанхуйн дунд уусан одов. Ийнхүү хижээл эр бадарчинтай хоёулахнаа үлдэв.

Тэд хамтдаа аяллаа үргэлжлүүлсээр ойн захад тулж ирэхэд алтан нар улбар шар гэрлээ моддын оройд тусгасаар жаргаж байлаа. Тун удалгүй бадарчин маань найзыгаа алдаж, дахиад л орь ганцаараа үлдэв. Хичнээн дуудавч хариу эс олж сонслоо. Цааш явсаар наран сүүлчийн туяагаа тэнгэрт цацруулсаар гэгээ тасрах үест ойн чөлөөнд гарч ирвэл өндөр настай буурай өвгөн хожуул дээр сууж байхтай таарав. “Та энд юу хийж байгаа юм бэ?” гэж өвгөнөөс асуувал настны царайд дөлгөөхөн инээмсэглэл тодорч, “Би үргэлж дурсан санаж байдаг юм. Миний хажууд суугаач. Хамтдаа дурсацгаая” гэж гэнэ. Тэгээд бадарчин мань өвгөнтэй зэрэгцэж суугаад жаргаж буй нарыг ажиглан сатаартал түүний бүх л найзууд нэг нэгээрээ гарч ирсээр тэднийг тойрон зогсож гэнэ. Бяцхан хөөрхөн хүү, царайлаг хөвгүүн, дурлалдаа шатаж буй залуу, аав, ээж, хүүхдүүд… Тэр хэнийг нь ч алдаагүй байжээ. Тийм ээ, тэдэнд бүгдэд нь чин үнэнээсээ хайртай байсан. Одоо ч тэднийгээ дахин харахад цээжинд нь баяр хөөр бялхаж байв. Тэд нь ч бас түүнийг хүндэлж, хайрлаж байлаа. Тийм ээ, тэр бадарчин бол бид өөрсдөө билээ. Амьдралын урт аянд бид бүгдээрээ л бадарчилж явдаг юм. Тэрхүү аяллаа дуусгахдаа бид аяллынхаа агшин, хором бүрийг хайрласаар байдаг билээ л. Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Б.Сувддулам

URL:

Сэтгэгдэл бичих