СТРАТЕГИ АКАДЕМИЙН 60 ЖИЛИЙН ОЙ БОЛНО
Монгол Ардын Намын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болох Стратеги Академи үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Стратеги Академи нь анх 1955 оны 12 сарын 19-ний энэ өдөр МАН-ын дэргэдэх Намын түүхийн институт нэртэйгээр үүсэн байгуулагдаж, 1981 оноос Нийгмийн Ухааны Институт, 1990 оноос Намын Төв Хорооны дэргэдэх Эрдэм шинжилгээний төв, 1994 оноос Сургалт судалгааны Прогноз төв, 1996 оноос Нийгэм, улс төрийн судалгааны Прогноз хүрээлэн, 2005 оноос Сургалт, судалгааны Прогноз Академи, 2012 оноос Нийгмийн Ардчиллын Хүрээлэн зэрэг нэртэйгээр бүтэц, зохион байгуулалтын хувьд байнга шинэчлэгдэж ирсэн байдаг.
2013 оны 10-р сарын 27-31-ний өдрүүдэд хуралдсан Монгол Ардын Намын ХХVII Их хурлаас батласан Намын үндсэн дүрэмд зааснаар МАН Стратеги Академийг 2014 онд шинэчлэн зохион байгуулж, эрдэм шинжилгээний бие даасан хараат бус статустайгаар байгуулсан. Стратеги Академи нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, PR, мониторингийн чиг үүрэг бүхий шинэ бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Стратеги Академи нь Монгол Ардын Намын дэргэдэх томоохон түшиц, тинк танк байгууллага төдийгүй Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн бодлогын судлагааны байгууллага болох зорилго тавин ажиллаж байгаа аж. Мөн Стратеги Академиас эрхлэн “Стратегийн судалгаа” нийгэм, улс төр, эдийн засаг, олон улсын харилцааны талаар нийтлэх эрдэм шинжилгээний сэтгүүлийг улирал тутам гаргаж эхлээд байна.
Стратеги Академи 60 жилийн түүхээрээ, хийсэн бүтээсэн ажлын туршлагаараа Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогддог байгууллага төдийгүй олон улсад ч хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байгууллагын тоонд зүй ёсоор орж байна. Стратеги Академи өнөөдрийн байдлаар ШУА-ын ФСЭХ, МУИС, МУБИС, Удирдлагын Академи зэрэг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна Фрейдрих Эбертийн сан, Солонгосын Сэнүри намын Йоидо институт, БНХАУ-ын Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг, Станфордын Их сургууль зэрэг гадны томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ha ha ha