Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 5, аврах ажиллагааны 2 дуудлага ирж  аврах анги, гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Гал түймрийн улмаас 2015 оны 12 дугаар гарснаас хойш 6 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эцэг эхчүүд, томчуудын хараа хяналтгүй байдлаас болж өчигдөр 3 хүүхэд гал түймэрт өртөж түлэгдсэн байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Далангийн 1 дүгээр гудамжинд  гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт 31 настай, эрэгтэйн нүүр, баруун гар түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, 1 нас 3 сартай, эрэгтэй хүүхдийн нурууны хэсэг түлэгдсэн байсныг ар гэрийнхэн нь Гэмтгэл согог судлалын үндэсний төврүү авч явчээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Намгийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна.
Уг гал түймэрт 4 настай, эмэгтэй хүүхдийн баруун гарын тохой түлэгдсэн байсныг нийслэлийн яаралтай тусламжийн төвийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг иргэд, эцэг эхчүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих