Яармагийн түр гүүрийн засварын ажилд зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ
Энэ сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Яармагийн гүүрэн дээр “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, Алтай констракшн ХХК-ийн Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зам тээврийн ослоос болж 7 хүн бэртэж гэмтэж, гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн байна. Одоогоор олсын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагаадгийн байгууллага ажиллаж байгаа юм байна. Осол болсон өдөр холбогдох газрын мэрэгжилтнүүд очин гүүрэнд үзлэг шатгалт хийж, дүгнэлт гаргажээ.
Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр “Гүүрэнд гарсан эвдрэл гэмтэл нь гүүрийн ачаалал даах чадварыг бууруулж, осол аваар гарах нөхцөл үүсгэсэн байгаа учир эвдрэл гэмтлийг засварлаж, хэвийн байдал хангагдах хүртэл тус гүүрээр нэвтрэн өнгөрөх авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаав” гэсэн акт тавьжээ.
Үүний дагуу нийслэлийн Автозамын газар, Замын цагдаагийн газар, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хамтран ажиллаж гүүрийг хаасан байна.
Мөн зураг төсөл зохиогчоос гүүрэнд гарсан эвдрэл гэмтлийг хэрхэн засварлах талаар технологи аргачлал, зөвлөмж, дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтээр Панелийг үйлдвэрийн хийцээр солих, Гүүрийн эвдрэлтэй хэсгийг доороос нь дэр модон түр тулгуур хийх, гангийн цууралтаас хамгаалах зорилгоор засвар хийх хэсэгт дулаан байр барих, барьсан байрны доторх агаарын хэм+5 градусаас багагүй байх, засварын ажлыг энэ гүүрийг угсарсан мэргэжлийн багийн тусламжтайгаар явуулах нь зохимжтой гэх мэт техникийн нарийн аргуудгыг зөвлөжээ.
Түр гүүрийг хааснаар тухайн орчинд оргил цагуудад хөдөлгөөний түгжрэл үүсч, ард иргэдийн уур бухимдлыг төрүүлсэн гомдол ихээр ирж байгаа юм байна.
Иймд түр гүүрийн хэвийн байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дээрх дүгнэлтийн дагуу засварын ажлыг эхлүүлсэн байна. Гүүрийг засаж хэвийн байдалд оруулахад 77 сая төгрөг шаардлагатай гэж нийслэлийн Автозамын газраас мэдээлж байна.
Тиймээс өчигдөр болсон нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн түр гүүрийн засварын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, ажлыг шуурхай дуусгахыг үүрэг болголоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Яармагийн гүүрийн засварын ажилд зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх юм.
URL: