Ардчилсан ерөнхийлөгчөөс туршлага судлах хүсэлтээ илэрхийлсээр байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн голлох үүрэгтэй оролцож буй нэг арга хэмжээ нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан юм.
Түүний хувьд тус нийгэмлэгийг энэ оноос 2013 оныг дуустал даргалахаар болсон. Тиймээс ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд Ардчиллын боловсролын асуудлаар төр, засгийн тэргүүн нарын санаачилгын бүлгийн үйл ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдэгдсэн билээ. Түүний санаачилгад Финланд, Нигери, Румын улсын Ерөнхийлөгч нар болон Люксембургийн Ерөнхий сайд нэгдсэн байна. Тэд ард түмнээ, ялангуяа залуу үеийг ардчиллын үнэ цэнэ, зарчимд сургах үүрэг, хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм.
Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын анхны Ардчилсан Ерөнхийлөгчийн туршлагыг бусад улс орны төрийн тэргүүнүүд хуваалцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа ажээ. Энэ сарын 21-нд л гэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Аль Жалилтай уулзаж шилжилтийг үр дүнтэй хийх, сайн засаглалыг тогтоох талаар харилцан ярилцсан байна.
Харин Тунисын Ерөнхий сайд Мохамед Ганучи энэ сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Ардчиллыг шинээр тогтоогоод удаагүй байгаа Тунис улсад бусад орны туршлага, дэмжлэг маш их хэрэгтэй байгаа бөгөөд чухам тийм дэмжлэгийг үзүүлж чадах орнуудын нэг бол Монгол Улс гэж бодож байна. Танай улс ардчиллыг бэхжүүлэх суурь болсон Үндсэн хуулиа батлахаас эхлээд, ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүртлээ маш их бэрхшээлийг туулсан нь дамжиггүй.
Гэвч 20 жилийн богино хугацаанд чамлахааргүй амжилтад хүрлээ. Энэ жил Киргиз Улс танай ардчиллын туршлагыг судлахаар төлөөлөгчдөө илгээсэн гэж би сонссон. Бид ч мөн адил ирэх жил гэхэд өөрийн хүмүүсээ Улаанбаатарт илгээж, туршлага судлах хүсэлтэй байна” гэжээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шведийн улстөрч, хүний эрхийг хамгаалагч Мариа Лейснэртэй эл өдөр уулзсан аж. Хатагтай Мариа Лейснер “Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байх хугацаандаа гишүүн орнуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарна гэснийг би талархан хүлээн авсан. Ялангуяа Ази тивээс тус байгууллагад гишүүнээр элсэх орнуудын тоо ирэх хоёр жилийн дотор нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
Учир нь Монгол бол Азидаа загвар болсон “ардчилал” юм. Бид туршлагатай “буурь суусан“ ардчиллаас гадна “шинэ залуу” ардчиллаар хүчээ сэлбэх хэрэгтэй байна” гэсэн аж. Эдгээр нь дэлхийн бусад улс орны төрийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид ихээхэн итгэл, найдлага тавьж байгаагийн илрэл юм. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч үүнийг онцолж байгаа аж. Ямартай ч Ерөнхийлөгч энэ сарын 22-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдааныг амжилттай зохион байгуулсан байна.
Хурлын үеэр тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийг байгуулжээ. Хуралдаанд оролцсон орнуудаас 25 нь Удирдах зөвлөлд орж ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр тус нийгэмлэгийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролыг дэлгэрүүлж иргэний нийгмийн байгууллагын төлөвшлийг дэмжих, Азийн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинээр болон шилжилтийн үедээ яваа улс орнуудын ардчиллыг бэхжүүлэх үйлст дэмжлэг үзүүлэх, туршлага хуваалцах зэрэг арга хэмжээнд ач холбогдол өгч ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Мөн авлигатай тэмцэх асуудлыг тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Т.Урангэрэл
URL: