Мал тооллогын дүнг программд оруулж байна
Ховд аймгийн хэмжээнд мал тооллогын ажил дуусч, одоо тооллогод ажилласан мэргэжилтнүүд мэдээллээ онлайн программд шивэх ажил ид явагдаж байна.
Урьдчилсан байдлаар Ховд аймаг 3 сая гаруй мал тоолуулаад байна. Хөдөө сумдад 12 сарын 11-нээс эхлэн дөрвөн чиглэлээр мал тооллогын хяналтын комисс ажиллаж, өдөр бүр тооллогын мэдээллээ программд оруулж байна.
Мал тооллогын үеэр Ховд аймгийн баруун сумдаар ажиллаад ирсэн Аймгийн Статистикийн хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Батбүүрэгтэй уулзлаа. Тэрээр Алтай, Булган, Үенч, Манхан, Цэцэг сумдад ажиллаад иржээ.
“Алтай, Үенч сум цас ихтэй, цас говь талд 30 см оржээ. Хилийн заставтай ойролцоо нутагладаг 30 гаруй малчидтай уулзлаа. Ёлхон, Цонж зэрэг нутгаар өвөлжиж байгаа малчид малын хэвтэр бууц муутай, утасны жи мобайлийн сүлжээ барьдаггүй, харилцаа холбоо муутай байгаа гэдэг саналаа хэлсэн байна. Энэ жил ус ихтэй байсан учир малын хэвтэр бууц муутай, малчид застав руу 10-14 км дөхөж очиж холбоо барьдаг гэж байна” хэмээн ярьжээ.
Ховд аймгийн ихэнх сум мал тооллогын дүнгээ онлайнаар Статистикийн хэлтэст илгээж байгаа ч Дөргөн, Мөнххайрхан, Алтай, Үенч суманд сүлжээ тасрах зэрэг шалтгаанаас болж удаашруулж, түр саатаж байгаа аж.
А.Бямбасүрэн
Эх сурвалж: Монцамэ
URL: