А.Отгонбаяр: Надад бүсгүйчүүдээс хайрын үгтэй мессеж ирсэн
“Авьяаслаг Монголчууд”-ын шилдэг оролцогч А.Отгонбаяртай ярилцлаа. Түүнийг тус шоуны эхний шатнаас нь л хүмүүс сонирхож эхэлсэн. Мэргэжлийн бус ч гэлээ яг л дуучин шиг байсан түүнийг олон хүн дэмжиж байсан юм. Тэрбээр зарим асуултад хариулахаас татгалзсан ч бидний ярилцлага ийн үргэлжиллээ.
-Юуны өмнө танд шилдэг найман оролцогчийн нэг болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Энэ шоунд оролцох болсон шалтгаан юу байв. Зөвлөсөн хүн бий юу?
-Ийм шоу болохыг найзаасаа сонссон. Би Дархан-Уул аймгийнх л даа. Найз маань “Манай аймагт энэ шоуг зохион байгуулж байгаа телевизийн баг ирчихсэн бүртгэж байна. Чи үзээд алдаач” гээд урам өгөхөөр нь зориг шулуудсан. Гэхдээ Улаанбаатарт шүүгчийн шатны шалгаруулалтад оролцох болоход замын зардалгүйгээс эхлээд асуудал тулгарсан. Тиймээс би тэр багийнханд явж чадахгүй болсноо хэлэхэд “Үүнд санаа битгий зов. Бид нар зохицуулна аа” гээд л аваад ирсэн. Хэрэв тэр үед шалгаруулалтад орж чадаагүй байсан бол өдийд энэ олон хүний урам зориг, алга ташилт, магтаал, хайрыг мэдрэхгүй явж байх байсан.
-Шалгаруулалт бүрт гадаад дуу дуулсан. Өмнө нь гадаад дуу дуулдаг байв уу. Эсвэл энэ шоунд оролцохын тулд л сурсан юм уу?
-Дунд сургуульд сурч байхдаа англи хэлний хичээлдээ их сонирхолтой, шимтэн суралцдаг байсан. Англи, оросоор л дуулдаг. Орос хэлний багшаараа орос дуу заалгаж байлаа. Ер нь ихэвчлэн орос дуу дуулдаг. Аль болох өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Опера, поп, коунтрая жанрын дуунд сонирхолтой.
-Та энэ шоуны ялагчаар тодорч 100 сая төгрөг гардсан бол хамгийн түрүүнд юунд зарцуулах байсан бэ?
-Энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна аа (инээв). Гэхдээ ээжийгээ л баярлуулах байсан даа. Тэгээд мэргэжлийн дуучин болохын тулд СУИС-ийн сургалтын төлбөрт зарцуулна.
-Одоо танд ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?
-Маш том өөрчлөлт гарсан. Монголын маань ард түмэн намайг шоу өндөрлөх хүртэл дэмжсэн. Бага, багаар ч гэсэн танил болсон байх. Өмнө нь олны анхааралд ингэж өртөж үзээгүй болохоор маш их эвгүй юм. Гудамжаар явж байхад хүмүүс баяр хүргэдэг.
-Магадгүй зарим бүсгүйгээс дурлалын мессеж ирсэн байх даа?
-Тэгсэн /инээв/. Бүсгүйчүүдээс хайрын үгтэй мессеж хүлээж авсан.
-Ингэхэд та найз бүсгүйтэй юу?
-Найз бүсгүй байхгүй ээ. Надад зөв бодолтой, амьдралын ухаантай бүсгүй л таалагддаг.
-Таныг ээжтэйгээ амьдардаг гэж сонссон. Дургүйцэхгүй бол аавынхаа тухай яриач …
-Аав маань тээврийн жолооч байсан. 2005 онд өвчнөөр өөд болсон.
-Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?
-Байхгүй ээ. Гэхдээ ээж маань дуулах дуртай. Тиймээс би ч гэсэн энэ урлагт дуртай болсон байх. Багаасаа л мөрөөддөг байж билээ. Тэр мөрөөдлөө одоо биелүүлэх гэж байгаадаа баяртай байна.
-Дуулахаас өөр ямар авьяастай вэ?
-Сонирхлоороо хийх дуртай зүйл гэвэл үс засах. Бас нарийн мужааны ажил байна.
Монгол телевиз. “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн хэсгээс ашиглав.
URL: