Б.Бундхорол: Би нийгэмд шар гэрлийн үүрэг гүйцэтгэж байна

12-18-2_700x700

Өглөө ажилдаа ирэх бүрт Сүхбаатарынталбай дээр цэнхэр дээлтэй хүнтэй тааралдах боллоо. Тэрээр анх Сүхбаатарын хөшөөний урд суудаг байсан бол хэд хоногийн дараа хөшөөний зүүн талд гарчээ. Түүнийг Батжаргалын Бундхорол гэдэг бөгөөд анхудаа хэвлэл мэдээллийн хэрэгслээрярилцлага өгч байна гэснээр бидний яриаэхэлсэн юм.

-Сайн байна уу. Таныг хэд хоног ажиглалаа, яагаад энд суух болов?

-Хүмүүс энэ талаар их асуудаг. Машины шатахуун дуусах дөхөхөөр анхаарлын шар гэрэл асдаг. Энэ гэрэл ассанаар шатахуун өөрөө дүүрчихдэггүй эзэн нь нэмэх ёстой. Үүнтэй адил би нийгэмд шар гэрлийн үүргийг гүйцэтгэж байна.

Сүүлийн үед нийгэм эмх замбараагүй болж ядуурал, ажилгүйдэл ихэсч, эдийн засгийн байдал хэцүү болчихлоо. Хүн бүр үүнийг мэдэрч байна. Мөн өөрийгөө шатааж, өлсгөлөн зарлаж, буу шийдэм бариад төрийн ордон руугаа орох гэж үзлээ. Би өвлийн хүйтэнд гадаа сууж үзэж байна.

Энэ нь нийгэм болохгүй байна шүү гэсэн шар гэрэл асааж, мессэж өгөөд байгаа хэрэг. Үүнийг хаа хаанаа анхаарахгүй бол торхтой дарь шиг болсон нийгэм чинь жаахан оч алдчихвал “Долдугаар сарын 1”-ний хэрэг давтагдахгүй гэсэн баталгаагүй болчихлоо.

-Та хаана ямар ажил хийдэг вэ. Ингэж суусны үр дүн гарах уу?

-Би фэйсбүүк хөтөлдөг учраас тодорхой хэмжээний мэдээлэл оруулдаг. Намайг анх сууж байхад тамхи зардаг нөхөр гэх маягаар харж байсан бол олон хоног суугаад ирэхээр хүмүүс мэддэг болж халуун кофе, цай авчирч өгөөд “Даарч байна уу. Ямар зорилготой суулт вэ” гэж асуудаг, ярилцдаг боллоо.

Фэйсбүүкээр найзалдаг найзууд, миний ойр дотны ах дүү нар, ангийн андууд, хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Харин төр засгийн хэмжээнд мэдсэн ч мэдээгүй дүр эсгэнэ.

Тэр бүү хэл хүн өөрийгөө шатааж байхад “Чи өөрийгөө шатаасан учраас” гээд эрүү үүсгэж байгаа хүнлэг, энэрэнгүй бус төр засагтай байгаа цагт над зэргийн юмыг үл тоомсорлох нь аргагүй биз. Яах вэ, би энэ нийгэмд шар гэрлийн үүрэг гүйцэтгэж байна. Ямар аргатайдаа л энд дуугүй суулт хийх вэ дээ.

-Хэзээнээс суултаа эхэлсэн бэ. Ямар хугацаанд үргэлжлэх вэ?

-Өнгөрсөн сарын 30-наас суултаа эхэлсэн. Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд орой тарахад нь авдаг учраас өглөө 10:00-17:00 цаг хүртэл суудаг.. Суултаа бүртгүүлсэн. Жагсаал, цуглааныхаа хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад өдөр бүр очиж бүртгүүлдэг. Суултаа энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлнэ.

-Таны гэр бүл энэ суултыг чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж дургүй байсан. Наад зах нь өвчин тусчих вий гээд санаа зовж байгаа. Магадгүй би өнөөдөр суухгүй бол 10 жилийн дараа суух бие, сэтгэлзүйн хувьд тэнхэлгүй болчихсон байж мэднэ. 10 жилийн дараа юу болохыг бид таашгүй. Одоо чадалтай дээрээ нийгэм рүү өөрийнхөө чадах чинээгээр анхааруулга өгөх хэрэгтэй.

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих