В.Путин: Ойрын ирээдүйд Турктай харилцаа сайжирна гэж бодохгүй байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин телевизийн эфирээр 1390 сэтгүүлчтэй 2015 оны хэвлэлийн хурал хийлээ. 11 дахь удаагаа хийлгэж байгаа Том хэвлэлийн хуралд тэрээр Сири, Турк, АНУ, нефть, доллар,эдийн засгийн хямрал зэрэг өргөн сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Улс орны эдийн засгийн байдал сайнгүй байна. Хямралаас гарах арга замыг хэрхэн харж байна вэ?
-2015 он бидний хувьд нааштай жил болон өнгөрч байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч хямралын оргил үе өнгөрч тогтворжих, өсөх хандлагатай болсон. Нефтийн үнэ баррель нь 50 ам.доллар байхад боломжтой гэж үзэж байсан, одоо 38 ам.доллар болчихлоо.
Рублийн ханш унасан нь бас нэг шалтгаан болж байгаа. Тиймээс зарим залруулга хийх хэрэгтэй болж байна. Нефтийн үнэ буурч байгаа ч Оросын эдийн засаг тогтворжиж байна. Манай улсын валютын нөөц үл ялиг буурч 364 тэрбум долларт хүрлээ. Энэ бол хангалттай бат бөх суурь гэсэн үг.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 3.7 хувиар буурлаа, инфляц оны эхнээс хойш 12.3 хувьтай байна. ДНБ-ий өсөлт аравдугаар сард 0.3 хувьтай байна. Үйлдвэрлэл 0.2, хөдөө аж ахуйн салбарын өсөлт гурван хувьтай байна. Үр тарианы ургац хоёр жил дараалан 103.4 сая тн-д хүрлээ.
Ажилгүйдэл 5.6 хувьтай, тогтвортой байна. Худалдааны тэнцэл 126.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. 2014 онтой харьцуулахад гадаад өр 13 хувиар буурлаа.
-Су-24 онгоцыг унагалаа гээд Турктай бүх харилцаагаа тасалж болох уу. Туркт сурдаг орос оюутнуудыгхавчиж гадуурхах болсон тухай ярьж байна. Орост оруулсан Туркийн хөрөнгө оруулалт юу болох вэ?
-Энэ бол зөвхөн Су-24 онгоцтой холбоотой хэрэг биш юм. Энэ бол илт дайсагнасан үйлдэл байсан. Тэд манай цэргийн онгоцыг унагаж, хүний амь үрэгдсэн. Энэ санаандгүй тохиолдол юм бол туркууд яагаад бид нарт хэлэлгүй эхлээд НАТО руу ярьсан юм бэ. Тэд үүгээрээ биднийг доромжилсон. НАТО-гоор халхавч хийхийг хүсч байна. Тэд үүгээрээ юуг хүссэн юм бэ.
Биднийг гараад зугтаад явна гэж бодсон юм уу. Үгүй ээ, бид тийм улс биш. Тэр хэрэг явдлаас хойш бид бүс нутаг дахь цэргийн хүчээ зузаатгасан. Тэнд пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байгаагүй. Одоо бид С-400 пуужингаа аваачиж байрлуулаад байна. Туркийн агаарын хилийг зөрчлөө гээд байгаа. Гэтэл тэд өөрсдөө Сирийн агаарын хилийг байнга зөрчиж байдаг.
Тэнд 11 мянган бензин зөөгч машин байгааг бид илрүүлсэн. Сирийн босогчдоос хууль бусаар худалдаж авдаг нефть зөөгч машинуудыг нь бид бөмбөгдсөн. Одоо тэд шөнөөр нефтээ зөөж байна. Иракаар дамжуулан авах гэж оролдож байна. Ойрын ирээдүйд Турктай харилцаа сайжирна гэж бодохгүй байна. Хүмүүнлэгийн тал дээр харилцаа сайжирч болох л юм. Туркийн удирдлагатай муудалцаад байгаа болохоос Туркийн ард түмэнтэй муудалцаагүй.
-Сири дахь Оросын ажиллагаа хэзээ дуусах вэ, Сирийн талаар тодорхой төлөвлөгөө байна уу?
-Сирийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх тусам хор хохирол нь бага байх болно. Мэдээж Сирийн асуудлыг шийдэх янз бүрийн төлөвлөгөө байгаа. АНУ Сирийн асуудлаар тогтоол боловсруулж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулах гэж байгааг бид дэмжиж байна.
Сирийн шинэ үндсэн хуулийг боловсруулж, ирээдүйд сонгуульд хяналт тавих механизмийг бий болгох тал дээр Орос, Америк хоёр санал нэг байгаа. Сирийн хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхээс өөр зам байхгүй. Агаарын довтолгооны тухайд бол бид Сирийн армийг дэмжиж байгаа.
“Исламын улс” бүлгийн эсрэг тэмцдэг босогчдын бүлэг байгаа. Бид тэдгээр бүлгийг агаарын довтолгооноор дэмжих зарчим баримталж байна. “Исламын улс” хүн бүрт аюул занал учруулж байна. Тэднийг аль болох хурдан устгах тусам сайн байх болно.
-Украинд олзлогдсон орос цэргүүдийг Савченкогоор (Оросын телевизийн сэтгүүлчдийг алсан хэргээр ОХУ-дсаатуулагдаад байгаа Украины армийн цэрэг, нисгэгч) солих боломж байгаа юу?
-Савченкогийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн болохоор солилцох боломжгүй. Украин бол бидний ах дүүгийн барилдлагатай улс, үүнийг олон дахин давтаж хэлэхээс хэзээ ч залхахгүй.
ОХУ Украины эсрэг ямар нэг хориг арга хэмжээ авах бодолгүй байна. Киевтэй харилцаагаа муутгах сонирхол алга. Харин 2016 оны нэгдүгээр сараас эхлээд Украинд худалдааны ямар нэг давуу тал олгохгүй.
-ОХУ олон улсын хориг арга хэмжээнд байгаа. Эдийн засаг сайнгүй байна. Сирид агаарын довтолгоо хийж,тэнд цэргийн хүчээ нэмэгдүүлэх хангалттай нөөц, хөрөнгө бидэнд байгаа юу?
-Бид төсөвт дарамт учруулсан юм байхгүй. Зөвхөн цэргийн хүч, төсвөө дахин хуваарилсан юм. Тиймээс бид төсөвтөө хүндрэл учруулахгүйгээр тэнд ажиллагаа, сургалт явуулаад байж болно. Батлан хамгаалахад зарцуулах ёстой мөнгөө дотроо зохицуулж, хуваарилалтыг нь өөрчилсөн гэсэн үг.
Бид дайн явуулаагүй, тусдаа цэргийн ажиллагаа явуулж байна. Бид нисэх хүчин, сансрын хүчин, пуужингаас эсэргүүцэх систем, тагнуулын байгууллагаа ашиглаж тусдаа ажиллагаа явуулж байна.
-Гүржид эрх баригчид солигдоод гурван жил өнгөрөхөд дээд хэмжээний уулзалт болсонгүй. Талууд юу хийхёстой вэ. Москва Тбилисээс юу хүлээж байна вэ. Харилцааг шинэ төвшинд гаргахад Москва юу хийх гэжбайна вэ?
-2008 оны үйл явдлын дараа бидний харилцаа муудсан. Харилцаа муудсанд манай буруу байхгүй. Гүржийн тэр үеийн урирдлага, тэр үеийн Ерөнхийлөгч Саакашвилид Гүржийг сүйрүүлсэн шийдвэр гаргах боломж олгохгүй байх хэрэгтэй байсан. Энэ бол Гүржийн ард түмний алдаа.
Одоо энэ нөхөд Украинд оччихсон бужигнуулж байна. Тэдний арга барил өөрчлөгдөөгүй. Саакашвилийг Одесса хотын даргаар томилсон нь Украины ард түмний нүүр рүү нулимсантай адил. 45 сая хүнээс удирдагч хийчих 5-10 хүн олдохгүй байна гэж үү.
Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухайд бол гүрж, өмнөд осети, абхаз ард түмний л шийдэх асуудал. Гүржтэй хийдэг худалдаа, наймаа нэмэгдэж байгаа. Визийн дэглэмийн тухайд бид Гүржтэй визгүй зорчих дэглэмд шилжихэд бэлэн байгаа.
-“Роснефть” зэрэг Оросын төрийн мэдлийн томоохон компаниудыг хувьчлах санаа байгаа юу?
-Хувьчилж болно. Гэвч зах зээлийн нөхцөл байдлыг урьдчилж таах аргагүй. Ер нь хяналтын багц нь төрийн мэдэлд байдаггүй компаниудын дотоод хэрэгт оролцох хэрэггүй л дээ гэв.
Ярилцлага үргэлжилсээр нэгэн сурвалжлагч охидынх нь талаар асуухад В.Путин “Охид маань Орост амьдарч байгаа. Тэд Орост сургууль төгссөн, Орос эх орондоо амьдарч байгаа. Би охидоороо бахархдаг, тэд Ази, Европын гурван хэлээр ярьдаг.
Тэд ажил, мэргэжлийнхээ анхны алхмыг хийсэн, амжилттай явж байгаа… Гэр бүлтэй холбоотой асуудлаар би хэзээ ч ярьдаггүй л дээ. Тэд бизнес хийдэггүй, улс төр сонирхдоггүй” хэмээн хариулжээ.
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: