П.Сүхбаатар: 13 тонн алт экспортлосон
Цаг үеийн асуудлаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.
-Одоогоор Монголбанкинд хэчнээн хэмжээний алт тушаасан байгаа вэ?
-Монголбанкны Эрдэнэсийн санд энэ оны эхэнд буюу нэгдүгээр сарын 1-ний байдлаар 2018.6 тн алтны үлдэгдэлтэй байсан. Харин энэ сарын 14-ний байдлаар давхардсан тоогоор 1824 аж ахуйн нэгж байгууллага 1973 иргэн алт тушаасан байгаа юм. Ингэснээр Монголбанк бохир жингээр 14.763.9 тн алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн дүн.
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад алт тушаалтболон Монголбанкны худалдан авсан хэмжээөссөн харагдаж байна?
-Монголбанк 2005 онд 15 тн алт худалдаж авч байсан. Үүнээс хойш өдийг хүртэл энэ хэмжээнд хүрч байгаагүй. Харин энэ жилийн тухайд 10 жилийн өмнөх дээд хэмжээг эвдэх хандлагатай байгаа юм. Одоогоор худалдаж авсан алтны 46 хувийг иргэн, 54 хувийг аж ахуйн нэгж байгууллагаас авлаа. Өөрөөр хэлбэл, 6819 кг -ыг иргэдээс, 7945 кг алтыг аж ахуйн нэгжээс авсан байна. Ийнхүү өссөөр он дуусахад 15-16 тн хүрэх тооцоололтой байна.
-Хэчнээн тонн алт экспортлосон бэ?
-Энэ онд нийт 13 тонн алтыг цэвэршүүлсэн. Өөрөөр хэлбэл, экспортлосон гэсэн үг. Энэ нь 343.6 мянган унци болж байна. Харин ам.долларт шилжүүлвэл 420 сая орчим валютын нөөцийг бүрдүүлсэн тооцоо гарч байгаа. Ирэх жилийн тухайд энэ тоо өсөх хандлагатай байна. Мэдээж үүнд нөлөөлөх хүчин зүйл бий. Тухайлбал, Гачуурт зэрэг томоохон төслүүд хөдөлж эхэлснээр эерэг нөлөө үзүүлнэ. Эдгээр том төслүүдийн нөлөөгөөр алтны тушаалт 20-25 орчим тоннд хүрэх таамаглал дэвшүүлж байгаа юм.
-Дэлхийн зах зээл дээр алтны ханш унаж байна. Цаашид төдийлөн өсөхгүй хэмээн судлаачид хэлж байгаа.Алт тушаалтын хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа хүчин зүйл юу вэ?
-Нэгдүгээрт, алт олборлогчдын төлөх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5-2.5 хувь болгон бууруулсан. Мөн өсөн нэмэгдэх роялтийг тэглэсэн. Тиймээс аль болох энэ хөнгөлөлтийг эдэлж, алтаа тушааж байгаа болов уу. Нөгөөтэйгүүр, хүмүүс ханш хэрхэн өөрчлөгдөж байгааг тогтмол судалдаг болсон. Тиймээс ханш хэт унахаас нь өмнө, гайгүй байх үед нь тушаахыг эрмэлзэж байгаа юм болов уу гэж харж байна. Алт тушаалтын оргил үе 9-12 дугаар сар байдаг. Хэдийгээр алтны ханш унаж байгаа ч хадгалж байхаар эргэлтэд оруулахын тулд тушааж байна.
-Төвбанкинд байгаа алтны нөөц ямар хэмжээтэй байна вэ?
-Монголбанк 15 тонн алт авснаас гадна дөрвөн тонн алт бохир жингээр хадгалж байгаа. Өмнө нь ингэж хадгалж байсан удаагүй.
-Монголбанк бэлэг дурсгалын зоос хийлгэжээ. Энэ талаар та тайлбарлаач?
-Суут хүмүүс, ховор ан амьтан гэсэн сэдвээр аж ахуйн нэгж байгууллага, Зоос сонирхогчдын холбооны захиалгаар гадаадад хэвлүүлдэг. Энэ онд Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ой тохиож байгаа. Тиймээс 2000 ширхэг Занабазарын хөрөгтэй зоосыг хийлгэлээ. Захиалагчид 1500 ширхэгийг нь нийлүүлж 500-г нь зоос сонирхогчдод худалдаанд гаргахаар бэлдэж байна. Сүүлийн үеийн зооснууд шинэ технологиор хийгдэж байгаа.
Энэ зоос 925 сорьцтой, 25 гр-ын цэвэр мөнгөөр хэвлэсэн. Уг зоос нь 38.61 мм-ийн диаметртэй.
-Энэ зоосыг ямар үнээр борлуулах вэ? -Зоос хийлгэхэд гарсан зардал мөн тээврийн зардал багтаад бусад мөнгөн зооснуудын адил 125000 төгрөгөөр борлуулагдах байх.
-Ер нь энэ жил хэдэн төрлийн дурсгалын зоос гаргасан бэ?
-Энэ жил дөрвөн төрлийн зоосыг хэвлүүлэн худалдаанд гаргасан. Тухайлбал, эхний удаад гурван сая дахь иргэн, Ялалтын 70 жилийн ойд зориулсан зоос, Хубилай хааны 800 жилийн ойд зориулан зооснуудыг гаргасан юм.
-Энэ төрлийн зоосонд нууцлал бий юу. Магадгүй хуурамч зоос гарчих вий гэсэн болгоомжлол байна?
-Мэдээж нууцлалтай. Хуурамчаар зоос хийхэд гарах зардал нь өндөр учраас тэр бүр дууриалгаж хийх боломжгүй. Ер нь зоос сонирхогчид хуурамч зоосыг ялгаж чаддаг болсон.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: