“Дүнжингарав” төрийн албаныхны түрээсийн үйлчилгээгээр сэхэл авах нь

273929556736b1b80ad051Яагаад “Дүнжингарав” худалдааны төвд төрийн үйлчилгээг төвлөрүүлэхээр болов. Өөрөөр хэлбэл, “Нарантуул”-аас хавьгүй дээр гэгдэж, нэг хэсэгтээ шуурсан битүү зах нэрээр баригдсан “Дүнжингарав” худалдааны төвд өнөөдөр төрийн үйлчилгээг төвлөрүүлж буй нь хардалт, сэрдэлт дагуулж байгаа юм. Энэ төвийн босс бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Харин тухайн объектын тодорхой хэсэг Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийнх байдаг. Учир нь босс эзэн тодорхой хэсгийг найз гишүүндээ зарсан явдал бий. Нэг үгээр хэлбэл, АН-ын угшилтай баян гишүүд “Дүнжингарав” худалдааны төвийг төрийн үйчилгээний байгууллага болгож байгаа нь сүрхий л хэрэг болж байна.

2012 оны арванхоёрдугаар 23-нд “Дүнжингарав” худалдааны төв албан ёсоор үүдээ нээж, нээлтэд нь УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Оюунгэрэл, С.Бурмаа, Р.Гарамгайбаатар, Г.Баярсайхан гээд дан АН-ынхан “Мон-Уран” компаниар овоглодог Б.Наранхүүгийн урилгаар тэнд хүрэлцэн очиж байсан удаатай. Харамсалтай нь тухайн үед Э.Бат-Үүл даргын гаргасан “зөвшөөрөлгүй барилгын жагсаалт”-д “Дүнжингарав” худалдааны төв орсон байсан ч бүгд л нээлтийг үл зөвшөөрсөн. Ингээд тухайн үеэс тэрүүслэгчид нь бараа, бүтээгдэхүүнээ борлуулж, овоо л сэргэж эхэлсэн. Б.Наранхүү ч худалдааны төвөө өргөжүүлж, худалдан авагчдыг татах ухаан сийлж, тухайн чиглэлд хүртэл зам тавиулсан. АН-ын сайд нар ч “Дүнжингарав” худалдааны төвийн боссыг дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийн барааг төвлүүлсэн зүйл бий. Гэтэл яав. Гэнэт л төрийн 200 гаруй үйлчилгээг “Дүнжингарав”-т төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хотын зүүн хязгаарт “цөлөх”-өөр болж байна. Энд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 200 гаруй төрийн албан хаагч ажиллахаар болж, ирэх оны нэгдүгээр сард үйл ажиллагаа эхлүүлэхээр боллоо.

Харин эдийн засаг хүндэрсний улмаас худалдан авчигчид нь багасаж, худалдаачид нь түрээсээ дийлэхгүйгээс “Дүнжингарав” алдагдалд орсон уу. Эсвэл “зөвшөөрөлгүй баригдсан” гэдгээ далдлахаар хотын даргын шийдвэрийг дагасан уу. Ямар ч байсан “Дүнжингарав”-ын босс худалдааны төвийн зориулатаар босгосон объектоо төрийн үйлчилгээний байгууллага болгохоор шийдвэрлэж. Гэвч энэ бүхэн бас л эргэлзээ дагуулж байна даа.

А.БИЛГҮҮН

Newscom.mn


URL:

Сэтгэгдэл бичих