Ж.Лувсандэмбэрэл: Шуурганаар зам товчилсноос төөрөх тохиолдол их гарч байна

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага зохицуулалтын чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Лувсандэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Орон нутагт цаг агаарын нөхцөл хүндэрсэн. Цасан шуурга шуурч эхэллээ. Тухайлбал, аль аймгийн нутгаар өвөлжилт хүндэрч байна вэ?

-Нийт нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд нь өвөлжилт хүндрэх нөхцөл үүсээд байна. Мөн90 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 13 аймгийн 98 суманд өвөлжилт хүндэрсэн. Баян-Өлгий, Завхан, Архангай, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Дорноговь аймагт цаг агаарын байдал хүндэрч болзошгүй. Говийн бүс нутгаар цасны зузаан таван см харин хангай хээр газарт 25 см байна.

-Цасан шуурганаар Сүхбаатар аймагт алга болсон хүмүүс олдохгүй байгаа гэсэн. Эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байгаа юу?

-Сүхбаатар, Хэнтий аймагт алга болсон хүмүүсийг олсон. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэрээсээ гараад алга болж осгож, бэртэж байна. Тиймээс гэр бүлийнхээ хүнд анхаарал, хяналт тавих хэрэгтэй. Цас шуурч байхад хүмүүс хувийн бэлтгэлээ хангахгүйгээр гэрээсээ аймаг, сумын төв рүү гараад явчихдаг. Ингэхдээ зам товчлох нэрийдлээр дур мэдэн зам гаргаж яваад төөрөх мөн автомашин нь цасанд суух, шатахуунгүй болох тохиолдол олон гарч байна. Онцгой байдлын алба хаагчид эрэл хайгуулын ажлыг 72 цагийн хооронд хийдэг. Орон нутагт хэдэн алба хаагч эрэл хайх ажиллагаа хийж байгаагаас шалтгаалан улсын төсвөөс гарах зардал мөнгө харилцан адилгүй байдаг. Ард иргэдийн хариуцлага, хэнэггүйгээс болж алба хаагчид олон хоногоор эрлийн ажиллагааг үргэлжлүүлдэг. Жишээлбэл, автомашин нь цасанд суулаа гэхэд ойролцоо байрлах айлд ороод унтаад өгдөг. Гэтэл манай алба хаагчид хайх ажиллагаагаа үргэлжлүүлж, төсөв хөрөнгийг үр дүнгүй зарцуулдаг.

-Он гарсаар хэчнээн хүн цас болон шороон шуурганд төөрч алга болсон бэ. Амь насаа алдсан тохиолдол бий юү?

-2015 он гарсаар улсын хэмжээнд эрэн хайх аврах ажиллагааны 459 тохиолдол бүртгэгдэж829 хүний амь насыг аварсан. Харин 108 хүн харамсалтайгаар амь насаа алдлаа.

-Өвлийн улиралд иргэд зам товчлох нэрийдлээр нуур, гол дээгүүр явах нь элбэг. Голын мөс цөмөрч осол гарсан дуудлага хэр ирдэг вэ?

-Иргэдийн хариуцлаггүй байдлаас болж харамсалтай хэрэг гарсан. Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин живсэн, суусан тохиолдол 13 удаа бүртгэгдсэн. Хамгийн сүүлд л гэхэд Ховд аймгийн Дөргөн сумын нутаг Хар ус нуурын Бөөр гэдэг газар хоёр иргэн суудлын автомашинтай явж байгаад амь насаа алдлаа. Нууран дээгүүр явж байхад нь мөс цөмөрч машин живсэн. Энэ мэтчилэн харамсалтай хэрэг гарах нь ихэслээ. 30 км зам товчилж, шатахуун хэмнэх гэж яваад эд материал, эрүүл мэнд амь насаараа хохирдог. Тиймээс иргэд хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.

-Онцгой байдлын алба хаагчид орон нутагт ажиллахаар явсан. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллах уу?

-Монгол Улсын Шадар сайдын тушаалаар онцгой байдлын алба хаагчид болон холбогдох албан байгууллагын төлөөллүүд шуурхай ажлын хэсэг байгуулж баруун, зүүн бүсийн нутагт ажиллахаар явсан. Өвөлжилт хүндэрсэн, хүндрэх төлөвтэй аймгуудын төлөөллүүдэд зааварчилгаа, чиглэл өгнө. Мөн тухайн аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар гамшгийн эрсдлийн үнэлгээ хийнэ.

С.Ичинхорлоо


URL:

Сэтгэгдэл бичих