БСШУ-ы сайд Л.Гантөмөр хуулийн төслүүд өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өргөн барив.
Тэрээр боловсролын чанарын баталгаажилтын үр нөлөөг сайжруулж, хяналт-шинжилгээний тогтолцоог оновчтой болгон, магадлан итгэмжлэх байгууллагын эрх зүйн байдлыг тодорхой болгож, чанарын дэвшлийг дэмжсэн хөшүүрэг бий болгох, сургалтын байгууллагын статусыг нарийвчлах, удирдлага, засаглалын зарчмыг тодорхой болгох чиглэлээр гол үндсэн өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.
Түүнчлэн дээд боловсролыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж, удирдлага, менежмент, зохион байгуулалт нь олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчмуудад тулгуурласан байх, дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн олон хэлбэрийг бий болгох, олон талын боломжийг ашиглахуйц болгон зохицуулжээ. Мөн сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших насны хүүхдийн сурч боловсрох эрхэд хамаарах асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг, эх, асран хамгаалагч нь хуваалцах зарчмын зохицуулалтыг бий болгохоор төсөлд тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зорилтуудыг үндэслэн Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, үүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг тус тус боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: