Уучлаарай, та хаясан хогоо авчихгүй юу
Та хаана төрсөн, хаанаас ирсэн чинь хамаагүй хамгийн гол нь Та өнөөдрийн байдлаар хотод амьдарч л байгаа бол гудамжинд хогоо хаях ёсгүй. Энэ бол Таны төрсөн цагаасаа эхлэн амьдарч байгаа их хотын, харин Таны шилжин ирж суурьшсан Улаанбаатар хотын соёл. Энэ бол 21-р зууны иргэншсэн хүн төрөлхтөний соёл. Тиймээс Та энэ соёлыг дагаж, гудамжинд хогоо ил задгай хаяхгүй байхыг хүсье.
Мөн Таныг харсаар атал хэн нэгэн гудамжинд ил задгай хог хаяж байх аваас “Уучлаарай, та хаясан хогоо авчихгүй юу” гэх соёлтой иргэн хүний шаардлагыг тавьж заншаарай.
Та бид, Та бидний үр хүүхэд, ирээдүй хойч маань хогон дунд амьдрах ёсгүй. Гудамжаар нэг хөглөрөх хогийг Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид хаяагүй, тэд цэвэрлэж буй. Харин тэр хогийг Та бид хаяж байгаа. Нэг үеэ бодвол гудманд хогийн сав цөөнгүй харагдах болсон. Тэгээд ч “хогийн сав ойр орчимд харагдахгүй байсан” гэх шалтгаар бүдүүлэг үйлдлээ хаацайлах гэж оролдох нь тийм ч зөв зүйл биш. Ямар ч зүйлд гарц байдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Тиймээс ариун цэвэрч байдал өөр хэн нэгнээс бус зөвхөн та биднээс хамаатай гэдгийг гүнээ ухамсарлая.
Үндэсний портал GoGo.mn сайт хогны асуудлаар ажилладаг албан тушаалтнууд, байгууллага аж ахуйн нэгж, хог тарьж буй иргэдийн ухамсартай “тулж ажиллахаар” энэ сарын аянгаа зарлаад байна.
Сая гаруй хүн амтай манай нийслэлийн төв гудамжуудын чухам алинд нь хамгийн их хог хөглөрч, нийслэлийн нэр хүндийг гутааж байна вэ гэдэг санал асуулгыг явуулахад /Та энд дарж саналаа өгнө үү./ “бүгдээрээ бохир, нийслэл бүхэлдээ хог ихтэй байна” гэх иргэд дийлэнх байлаа. Нийслэлийн төв хэсгийг хамран оршдог зургаан дүүрэг буй.
Тэгвэл бид энэ сарын хугацаанд Нийслэлийн захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс болон төвийн зургаан дүүргийн удирдлагууд, ТҮК-ийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болно.
Хамгийн гол нь “сайн ажиллаж байгаа” хэмээн магтуулах болсон Нийслэлийн захирагч Г.Мөнхбаяр биднийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хоггүй, шинэ үеийн нийслэлийг хамтдаа бүтээж, бүгдээрээ хоггүй орчинд амьдарцгаая л даа.
О.Ариунбилэг
URL: