Монгол Улс Хүний хөгжлийн индексээр 90-д орлоо

НҮБ-ийн Хөгжлийн программаас (ПРООН) дэлхийн улс орнуудын Хүний хөгжлийн индексээ шинэчлэн гаргалаа. Шинэ индексээр Норвеги улс дэлхийд хүний хөгжлөөр тэргүүлсэн байна. Тэдний араас Австрали, Швейцарь, Дани, Нидерланд улсууд жагсжээ. Энэхүү чансааг Пакистаны эдийн засагч Махбуб уль-Хакийн зохиосон аргачлалаар бодон гаргадаг. Хүний хөгжлийн индекс нь тухайн улс орон дахь хүний хөгжих нөхцөл бололцоог илжрхийлдэг бөгөөд зарим тохиолдолд амьдралын түвшинг тогтооход ч хэрэглэгддэг үе бий. Индексийг

1.    Эрүүл мэнд, урт наслалт.
2.    Боловсрол олох боломж.
3.    Амьдралын түвшин, орлогын хэмжээ гэсэн гурван үндсэн хэмжүүрээр тооцон боддог. 0-1 оноогоор дүгнэж, Хүний хөгжлийн түвшин маш өндөр, өндөр, дунд, доод түвшинтэй улс гэж дөрөв хуваадаг.

Энэ жил индекст 188 улс орон хамрагдсан бөгөөд хүний хөгжлийн түвшин өссөөр байгаа дүн гарсан байна. Гэхдээ энэ өсөлт зогсонги байдалд ороод байгаа аж. Индексийг тэргүүлсэн Норвеги улс нь 2008 оноос хойш нэгдүгээр байрт бичигдэж байгаа. Нийт 0.944 оноо авсан нь их өндөр үзүүлэлт юм. 4.9 сая хүн амтай энэ улсад ядуу хүн бараг байдаггүй гэнэ. Манай хойд хөрш ОХУ 50, урд хөрш Хятад 90 дүгээр байрт оржээ.

Манай улсын хувьд 0.727 оноогоор Хятадтай зэрэгцэж, хүний хөгжлийн түвшин өндөр орны тоонд багтсан. Монголчуудын амьдрах боломжит хугацаа 69.4 жил, нэг хүнд оногдох үндэсний нийт орлого 10,729.4 ам.доллар гэж гарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих