Ч.Мөнх-Эрдэнэ: “Виртуозо” бол гарамгай хөгжимчдийн тоглолт
Монголын ятгын урлагийг дэлхий дахинаа таниулан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Бөртэ” хамтлагийн хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр саяхан оны шилдэг мэргэжлийн уран бүтээлчдийн “Виртуозо” академийн шагналтнаар тодорсон юм.
-Мэргэжлийн шилдэг хөгжимчдийн төлөөллийг нэгэн дээвэр дор цуглуулсан “Виртуозо” тоглолтод оролцож, академийн нэрэмжит шагналтан болсонд баяр хүргэе. Тоглолтод оролцсон хөгжимчид олны сонорыг мялаасан олон сайхан уран бүтээл тоглож сонирхуулав уу?
-Баярлалаа. Би тус тоглолтод Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын найрал хөгжмийг Филармонийн симфони найрал хөгжимчидтэй хамтран соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш удирдаачийн удирдлага дор тоглосон. “Виртуозо” бол гарамгай хөгжимчдийн тоглолт. Энэ жилийн “Виртуозо” тоглолтыг би их олзуурхсан. Учир нь, хөгжимчин бүр гайхалтай тоглолт үзүүлж чадсан. Улсын филармонийн хөгжимчин Х.Санчир хийлийн концертоо толилууллаа. Төгөлдөр хуурч С.Одгэрэл П.И.Чайковскийн нэгдүгээр концертыг тоглож сонирхуулсан. Мөн Улаан- баатар чуулгын эвэр бүрээч О.Чинбат Ф.Менделсоны хос кларнетад зориулсан ихээхэн ур чадвар шаардсан бүтээлийг тоглолоо. Үүгээрээ хөгжимчин маань эвэр бүрээгээр кларнетаас дутахааргүй хөгжимдөж болдгийг харууллаа. Дээр нь морин хуурч Д.Шинэцог хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын гуравдугаар концертыг тоглосон. Хөгжимчид ийм мундаг байсан учраас би хөгжимчдөөрөө үнэхээр бахархаж омогшсон. “Виртуозо” тоглолтын тухайд сүүлийн хоёр жил академийн шагналтныг тодруулж байна. “Виртуозо” академийн анхны шагналтан нь морин хуурч Н.Жигжиддорж болсон. Би энэ жил дээрх шагналыг хүртсэндээ баярлаж байна. Хүний хийж бүтээж байгаа зүйлийг олж харж урамшуулах нь уран бүтээлч хүнд илүү ихийг бүтээх урам хайрладаг.
-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Уран бүтээл гэхээсээ илүүтэй язгуур чанараа хадгалсан Алтайн ятгыг илрүүлж, судлахад түлхүү анхаарал хандуулж байна. Бид сүүлд 13 их чавхдастай Алтайн их ятгыг мөн гаргаж ирсэн. Тиймээс эдгээр ажилд тулгуурлан уран бүтээл хийх, баталгаажуулан ном бичих ажилтай байлаа. Мөн Алтайн ятгыг хэрэглээнд яаж оруулах вэ. Монгол ятгачид Алтайн ятгаа хөгжимдөөсэй гэсэн үүднээс судалгааны ажлуудыг эрчимтэй хийсэн. Одоо ч гэсэн нөхөртэйгөө энэ ажилдаа анхааран ажиллаж байна даа.
-Монголын уламжлалт өв соёл болсон ятга хөгжмийг ирээдүй хойчдоо түгээн дэлгэрүүлэх, заах ажлыг та олон жил хийсэн. Одоо ч гэсэн хөгжимчдөө бэлтгэж байгаа юу?
-Багшилж байгаа ч өмнөх үеэ бодвол бага хугацааг зарцуулдаг болсон. Учир нь, энэ жил хийхээр төлөвлөсөн ажил олон байлаа.
-Оны сүүл болж байгаа учраас ажил мэргэжлийн олз омгоос лавшруулан асуумаар байна?
-Монголын анхны 16 ятгачны нэг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатар ардын 21 дууг найруулж, хоршил хөгжимд зориулан бичсэн. Энэ зохиолыг цомог болгон бичүүлэх нь миний хувьд нүсэр ажлын нэг байлаа. Бид цомгоо бичүүлж дууссан ч хэзээ хэвлэлтээс гарахыг сайн мэдэхгүй байна. Цомогт өөрийнхөө шавь нартайгаа оролцсон. Маш сайхан ардын дууны аяыг сонгосон учраас хүмүүс олзуурхан хүлээж авна гэжбодожбайгаа. Мөн өнгөрсөн есдүгээр сард Туркт Алтай ятгыг сурталчлах томоохон тоглолт зохион байгуулсан гээд уран бүтээлийн хувьд олз омог дүүрэн жил боллоо. Надаас гадна шавь нар маань ч уран бүтээлийн олз омог ихтэй байсан. БНХАУ-д зохион байгуулсан “Ятга хөгжмийг хэн сайн тоглох вэ” тоглолтод шавь маань хоёрдугаар байрт шалгарсан. Энэ мэтчилэн тэдний маань амжилт цааш үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
-Та сүүлийн үед бие даасан тоглолт хийсэнгүй. Таны ирэх оны төлөвлөгөөнд тоглолт зохион байгуулах ажил багтсан уу?
-2016 оны нэгдүгээр сард “Бөртэ” хамтлагийнхан сүүлийн саруудад ямар ажил хийж, юуны төлөө зүтгэснийг харуулах тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Цагаан сарыг угтаад тоглолт хийнэ. Гэхдээ энэ ньминий бие даасан тоглолт биш. Бид Алтайн ятгыг илрүүлж олонд зарласныхаа дараа “Алтай” хамтлагийг үүсгэн байгуулсан. Энэхүү хамтлагийнхантайгаа хамтран тоглолт хийхээр төлөвлөсөн.
Б.Сийлэн
URL: