Эцсийн хохирогч нь иргэд, барилгынхан

176014-16122015-1450252336-1118864917-barilgaЦэцийн шийдвэрийн улмаас банкууд ипотекийн зээлээ зогсоосон нь иргэд болоод барилгын компаниудыг хохироож эхэллээ.

Монгол Улс шинэ сорилтын өмнө ирлээ

Цэцийн “цэцэн” шийдвэр нэг л өдөр монголчуудаа уйлуулах юм хэмээн хэн ч санаагүй байх. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт үл хөдлөх хөрөнгө барьцаа хөрөнгө болох чадамжийг алдагдуулсан нэгэн шийдвэрийн улмаас олон хүн уйлж сууна. Ийн хэлэх шалтгаан болсон нэгэн жишээг дурдвал, миний нэг танилын найз хашаа байшингаа тохилог сууц болгохоор их л олон жилийн өмнөөс зорьсон юмсанж. Үүнтэй зэрэгцэн Засгийн газраас найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг баталсан нь ёстой л санаснаа гүйцээх сайхан боломж олгожээ.

Ийнхүү хамаг бүхнийх нь тохироо таарсан ч хашаа байшин нь байрны урьдчилгааны хэдэд хүрэхгүй байсан тул цаг наргүй ажиллан байж овоо хэдэн “юм” хуримтлуулж авав. Гэвч түүнийг зорилгынхоо төлөө тууштай тэмцэж байх зуур байрны үнэ өсчихсөн. Дахиад л мөнгө хэрэг болов гэнэ. Харин энэ удаад хашаа байшингаа зараад өнөө хэд дээрээ нэмчихвэл банкны босго давах хэмжээнд хүрсэн тул зоримог шийдвэр гаргажээ. Ийнхүү байрныхаа урьдчилгааны хэдийг босгочихоод, банканд материалаа бүрдүүлж өгөөд, шинэхэн сууцандаа нүүхээр зэхлээ. Гэвч дахиад аз дутав. Цэцийн шийдвэрийн үр дагавар түүний мөрөөдлийг зүгээр л салхинд хийсгэж орхих нь тэр. Гайтай шийдвэр түүний хөдөлмөр, мөрөөдлийг зэрэг үгүй хийсэн учраас уйлах ч багадаж байгаа аж. Тиймээс одоо төрийн шийдвэрийг л хүлээж суугаагаа дуулгасан юм.

Энэ бол уйлж буй ганц л хүний жишээ. Үүнтэй адил олон гэр бүл сэтгэл санаа хийгээд ирээдүйгээрээ хохирчихоод байгааг үгүйсгэх аргагүй байна. Өөрөөр хэлбэл, эцсийн үр дагавраа тооцоолоогүй шийдвэрийн цаана олон монгол залуусын мөрөөдөл “мөстлөгийн үе”-д шилжчихээд байгаа нь харамсалтай хэрэг. Ганц тэдний мөрөөдлөөр үл зогсох бөгөөд манай дотоодын нийт бүтээгдэхүүний 12.5 хувийг бүрдүүлж байсан барилгын салбар (2013 оны байдлаар) элгээрээ хэвтэх энүүхэнд ирчихээд байна. Урьдчилгааны хэд нь байгаад ч байртай болох боломжгүй болсон иргэдийн хөрөнгө эргэлтэнд орох, эргээд эдийн засгаа дэмжих боломж бүр ч үгүй боллоо.

Энэ талаар хэлж, ярих мэргэжлийн хүн ч олон гарч ирж байна. Тухайлбал, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй. Удахгүй он дуусч, УИХ завсарлана. Хаврын чуулган дээр хэлэлцэж амжихгүй сонгуулийн шоу болчихно. Хэрэв ирэх наймдугаар сар болтол найман хувийн хүүтэй зээл бодит утгаараа таг зогвол ямар үр дагавар хүлээж байна вэ? Буцаан сэргээх, иргэдийн итгэлийг олж авах, барилгын салбарыг босгох гэсэн бүх төлөвлөгөө нурна. Авдрын ёроолд байгаа хэдэн төгрөг нь ингээд өнөөдөр гацаж байна” гэж хэлсэн удаатай. Барилгынхны хувьд ийн санаа зовох нь зүй ёсны хэрэг. Тэр нэгэн шийдвэрийн улмаас хохирогчдын тоо цаашид нэмэгдэх нь цаг хугацааны асуудал болчихоод байгаа энэ үед арга ч үгүй биз.

Учир нь эдийн засаг гэдэг өөрөө бүх салбартайгаа гинжин хэлхээтэй байдаг. Нэг нь хямрахад бусад нь дагаад доройтдог хуультай. Тиймээс эрэлт царцсаныг дагаад барилгын компаниудын төслүүд зогсох, бүр цаашлаад барилгын ханган нийлүүлэгчдийн борлуулалт буурах зэрэг олон эрсдэл бий болжээ. Барилгын төслүүдийн хувьд ч олон жилийн төлөвлөлт, их хэмжээний хөрөнгө оруулалтаар хэрэгждэг төдийгүй асар их эрсдэл дагуулж байдаг онцлогтой.

Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээлийн хөтөлбөрт тэд итгэж, бүтээн байгуулах их үйлсэд ханцуй шамлан орцгоосон. Үүний дүнд зөвхөн 2014 онд л гэхэд 13 мянган айлын орон сууц ашиглалтад орсон нь ипотекийн зээлээр үүсэх эрэлт барилгын салбарт ямар хэмжээний түшиг болж байсныг гэрчилж байна. Харин энэ тоо 2016 онд тэглэчихгүй байгаасай гэж л залбирах үлдлээ. Энэ мэтчилэн алсаа бодоогүй дээрх шийдвэр араасаа асар их хэмжээний хохирол дагуулах аюул байгаа нь түүхий эдийн ханшийн хямралын нөлөөгөөр 2016 оны төсвөө нэг их наяд төгрөгийн алдагдалтай баталсан манай улсад шинэ сорилтыг авчирч байна.

Ц.Мөнхжин

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: зочин Огноо: 17 December 2015

зээлийн системийг хэт хатуу барилгүй 8:%зээлээ урьдчилгаа 10% дэмжээд м2 харгалзахгүй чөлөөлөөд өгөөч харин төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл банктай харилцан тохиролцдог систэм байдаг бол сайн л байн даа хугацаагаа уртасгадаг юм уу төлбөрийн чадвараа хараад эргэн төлөлтийн графикаа тохиролцдог ч юм уу

Сэтгэгдэл бичих