Трампын мэдэгдлийг Малала Юсуфзай буруушаав

Лалын шашинтнуудыг АНУ-д оруулахгүй байхыг тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөгч Дональд Трамп уриалсныг Малала Юсуфзай буруушаав.

Трампын мэдэгдэл “үзэн ядалтаар дүүрэн” байсан бөгөөд лалын шашинтнуудыг терроризмд буруутгаснаар “олон хүн хэт давруу үзэлд автахад хүргэнэ” гэж Нобелийн шагналтан хэлжээ.

Пакистаны Пешавар хотын сургуульд “Талибан” бүлэглэл халдах үеэр хүүхдүүд голдуу 140 гаруй хүн амь үрэгдсэнээс хойш нэг жил өнгөрснийг дурсан санах арга хэмжээнд оролцох үеэрээ тэрбээр ингэж хэлсэн юм.

2012 онд “Талибан” бүлэглэл түүний толгой руу буудсан билээ.

Уг явдлаас хойш нэг жил өнгөрснийг дурсан санаж, Пакистаны зарим мужид дээд сургууль, сургуулиудыг өнөөдөр хааж байна.

Халдлага болсон Цэргийн сургуульд өнөөдөр болох хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцох удирдагчдын дунд Пакистаны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд нар багтаж байна.

АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бернардино хотод болсон буу ашигласан хэргийн дараа, лалын шашинтнуудын хандлагыг АНУ-ын эрх баригчид ойлгох хүртэл лалын шашинтнуудыг тус улсад нэвтрүүлэхгүй байхыг Трамп уриалсан юм.

“Терроризмыг устгах зорилготой юм бол лалын шашинтай бүх хүнийг буруутгахыг оролдох хэрэггүй, ингэснээр террористуудыг зогсоож чадахгүй” гэж Малала хэлжээ.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих