Хувийн орон сууцны конторууд хууль бусаар төлбөр авдаг байжээ

ШӨХТГ-аас орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгасан.

Уг шалгалтын үеэр “узелийн цахилгааны зардал”, “ус дулаан дамжуулах төвийн зардал”, “насос тог”, “ЦТП”, “УДДТ” нэрээр сар бүр нэг өрхөөс 2400-11000 төгрөгийг хууль бусаар авч байсан нь тогтоогдсон. “Тунамал өргөө”,“Батбаян дулаан”, “Богд Асар”, “Тэлмүүн орд”, “Бадамлах нар” ХХК нийт 4783 айл өрхөөс хууль бус төлбөрийг авч байсан ба ШӨХТГ-ын албан шаардлагын дагуу “Богд Аса”р ХХК-аас бусад дөрвөн аж ахуй эрхлэгч зөрчлөө таслан зогсоожээ.

Зөрчлөө үргэлжлүүлж, нийт 1730 айл өрхөөс сар бүр 6000 төгрөг авч байсан “Богд Асар” ХХК-ийн энэ үйлдлийг ШӨХТГ иргэдийг хууран мэхлэх замаар их хэмжээний мөнгө татсан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагад холбогдох материалыг шилжүүлсэн билээ.

Тэгвэл “Богд Асар” компани хууль бус хураамж авахаа зогсоосноо албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн “Таункомфорт” ХХК БГД-ийн 3998 айл өрхөөс “насос цахилгаан” нэрээр сар бүр 5150 төгрөг, “Азын завод” ХХК БЗД-ийн 812 өрхөөс “ЦТП” нэрээр сар бүр 4000 төгрөг, “Цонхлон үйлс” ХХК ХУД-ийн 650 өрхөөс “ЦТП/насос” нэрээр сар бүр 5000 төгрөгийг хууль бусаар авч байсныг тогтоож улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсний дагуу тус газрууд хууль бус үйлдлээ таслан зогсоосноо мэдэгдэв.

БГД, БЗД-ийн ОСНААК-ын үйл ажиллагаа эрхэлдэг “Монтс” ХХК 1991 айл өрхөөс сар бүр 3400 төгрөгийг, БГД, ХУД-ийн ОСНААК-ын үйл ажиллагаа эрхэлдэг “Хаусинг Холд” ХХК нь нийт 1863 айл өрхөөс сар бүр 3217 төгрөгийг авч байсан зөрчлийг илрүүлж улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

“Тэлмүүн орд” ХХК иргэдийн ирүүлсэн баримт дээр үндэслэж хохирлыг барагдуулж байгаагаа мэдэгдсэн бол “Азын завод” компани нь айл өрхөөс өмнө хууль бусаар авсан мөнгийг энэ сарын төлбөл зохих дүнгээс нь хасаж тооцож хохирлыг барагдуулахаар болжээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих