Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр олон улсын дасгалжуулагч нарын сургалтыг удирдсан байна

United World Wrestling, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Япон улсын Токио хотод “Дасгалжуулагч нарын эрчимжүүлсэн дээд дамжаа” нэртэй сургалтыг зохион байгуулж тус сургалтад дэлхийн 12 орны 30 дасгалжуулагч нар очиж оролцсон байна.

Токио хотод байрладаг “Ajinomoto National Training Center” үндэсний бэлтгэлийн төвд явагдсан сургалтыг бэлтгэл сургуулилтыг боловсронгуй болгож олон талын судалгааг хийж байх замаар илүү өндөр техникийг бөхчүүдэд эзэмшүүлэхэд дасгалжуулагч нарт туслах зорилгоор зохион байгуулжээ. Энэ оны есдүгээр сард АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нээс олимпийн наадмын эрх авсан 108 бөхийн 400 орчим барилдаанд дүн шинжилгээ хийхэд олон мэхийг угсруулан хийж төгс техник гарган барилдаж байгаа бөхчүүд өндөр амжилт гаргаж байгаа нь харагдсан байна.

Сургалтыг ДБНХ-ноос томилогдсон монголын эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, АНУ-ын үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Тэрри Стейнер, болгарын иргэн, АНУ-ын дасгалжуулагч Иван Иванов нар удирдан явуулсан байна. Тэдэнд Германы бөхийн холбооны Техникийн захирал Жаннис Замандюридс, мексикийн дасгалжуулагч Давид Лопес, ХБНГУ-ын дасгалжуулагч Гарольд Туннеманн, ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн, туркийн иргэн Ибрагим Кикоглю нар туслалцаа үзүүлсэн байна.

Сургалтыг онолын болон дадлагын гэсэн хоёр хэсэгтэй явуулж дадлагын хичээлд японы 16 эмэгтэй бөхийг оролцуулсан байна. Тэдний дотор 4 дэх олимпийн наадамдаа оролцох эрхээ өвөртөлсөн, олимпийн 3 удаагийн, дэлхийн 11 удаагийн аварга Каори Ичо байсан байна.

Японы улсын Засгийн газрын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Хироши Хасе, Японы бөхийн холбооны ерөнхийлөгч Томиаки Фукуда, ДБНХ-ны Товчооны гишүүн Хидияки Томияма нар сургалтын явцтай танилцаж сургалтанд оролцож байгаа дасгалжуулагч нар, багш нартай ярилцаж санал бодлоо солилцсон байна. Сайд Хироши Хасе 1984 онд АНУ-ын Лос-Анжелос хотод болсон Зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр оролцож байснааа дурсан ярьж бөхийн спортыг сэргээшээс ангид байлгах талаар санал бодлоо хэлжээ.

Дараагийн ийм сургалтыг Гүрж улсын Тбилис хотод зохион байгуулж тэр сургалтыг англи, португалийн дасгалжуулагч нар гүрж, азербайжан, армяны дасгалжуулагч нартай хамтран явуулахаар болсон байна.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан


URL:

Сэтгэгдэл бичих