Солонгосын Ерөнхий сайд насаараа прокуророор ажиллажээ

2976_700x700

Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад анх удаа албан ёсны айлчлал хийхээр өчигдөр үдээс хойш ирлээ. Манай улс зочноо хүндэтгэлтэй угтан авав. Тэрээр өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн УИХ-ын хуралдааны танхимтай танилцаад буцах аж.

Ерөнхий сайд Хван Гё Ан 1957 онд Сөүл хотод төржээ. Кёнги ахлах сургуулийг төгсч, “Сонгюнгуан” их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн байна. Харин 2006 онд тус сургуульдаа хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард БНСУ-ын 44 дэх Ерөнхий сайдаар томилогдсон байна. Үүнээс өмнө хоёр жилийн хугацаанд БНСУ-ын 63 дахь Хууль зүйн сайдаар ажиллаж байжээ.

Ерөнхий сайд Хван Гё Ан 1992 оноос ажлын гараагаа эхэлж, Хууль зүйн сайд болох хүртлээ улсынхаа шат шатны прокурорын газарт ажилтан, хэлтсийн дарга, прокуророор ажилласан намтартай аж. Тодруулбал, Сөүл хотын орон нутгийн Прокурорын газарт ажилтан, Хуульч бэлтгэх төвд багш, Ерөнхий Прокурорын газарт хэлтсийн дарга, Сөүл хотын орон нутгийн прокурорын газарт прокурор, Пүсан хотын орон нутгийн прокурорын газарт прокурор, Сөүл хотын өндөр шатны прокурорын газарт прокурор, тус хо­тын орон нутгийн проку­рорын газарт прокурор, Хуульч сургах төвийн төлөвлөлтийн газрын дарга, Чанвон-ы орон нутгийн проку­рорын газарт прокурор, Тэгү хо­тын өндөр шат­ны прокурорын газарт прокурор хийжээ. Хамгийн сүүлд Пүсан хотын өндөр шатны прокурорын газарт прокуророор ажиллаж байгаад Хууль зүйн сайд, мөн Ерөнхий сайдад дэвшсэн юм байна.

М.Ган

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих