Монгол улсын БОНХ-ийн салбарт ХБНГУ хамгийн өндөр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж байна
Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэг ХБНГУ-ын Байгаль орчин, Байгаль хамгаалах, Барилга, Цөмийн аюулгүй байдлын холбооны яамны Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Рита Шварцелухртэй Парис хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы үеэр уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Сайд Н.Батцэрэг уузлалтын үеэр хэлсэн үгэндээ: Монгол Улс, ХБНГУ-ын хамтын ажиллагаа нь олон талт, түүний дотор байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт хэрэгжиж буй гадны төслүүдээс хамгийн өндөр үнийн дүнтэй нь ХБНГУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүд гэдгийг онцлон дурдсан бөгөөд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Герхард Тийдеманн, Заарланд мужийн Хууль зүйн сайдтай санал солилцсноо үндэслэн Сайд Н.Батцэрэг Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Рита Шварцелухртэд Герман улсын туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа 3 асуудлыг онцлон танилцуулсан. Үүнд:
- Байгаль орчны нөхөн сэргээлт чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх,сургалтад хамруулан чадавхийг нь дээшлүүлэх
- Ойн менежмент хийх, ойг нөхөн сэргээх, ойг цэвэрлэх, ойн тооллого явуулах, ойг хамгаалахаас гадна ойг эдийн засагжуулах чиглэлээр хамтран ажиллах
- Монгол орны мөнх цэвдэгтэй газраас 2000 гаруй жилийн настай булш олдсон. Үүнийг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах асуудлууд багтаж байгаа юм.
Хатагтай Рита Шварцелухр харин хэлсэн үгэндээ дурдахдаа: Хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаа. Ногоон эдийн засаг, орлого нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалахаар ажиллаж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээний хэсэг юм. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын санаачлагын хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын бүтээлч санхүүжилтээр эрчим хүчний хэмнэлттэй барилга барих, уур амьсгалын асуудлуудыг шийдэхэд тусламж үзүүлэн хамтран ажиллах бололцоотой. Тиймээс тодорхой асуудлуудаа Байгаль орчин, Байгаль хамгаалах, Барилга, Цөмийн аюулгүй байдлын холбооны яаманд тодорхой тавих хэрэгтэй. Байгалийн нөөцийн менежмент чиглэлээр “Монгол-Герман”-ы хамтарсан сургууль байгуулсан. Биологийн олон янз байдлын коридор нутаг бий болгон ажиллаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаа болохоос гадна биологийн олон янз байдал нь жуулчдыг татах болно хэмээн итгэж буйгаа дурдсан юм.
Франц улс. Парис хот.
URL: