Н.Энхбаярыг Шадар сайд болгохын тулд Гацууртын ордыг гацааж эхлэв үү
Өнгөрсөн долоо хоногт парламент завсарлагааны байдалд шилжсэн гэхэд болно. Тодруулбал, МАН УИХ-ын чуулганд гурван гишүүнээ суулгаж, дэд даргаараа завсарлага авахуулсан бол эрх баригчид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр завсарлага авсан. Гэтэл “Шударга ёс” эвслийн бүлэг мөн л завсарлага авч орхив. Тус эвслийн хувьд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд завсарлага авсан юм. Ингэснээр тус төсөл гацаанд орлоо гэж хэлж болно.
Учир нь Н.Энхбаярыг шадар сайд болгох тухай асуудлыг УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд УИХ дахь “Шударга ёс” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ албан ёсоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргээд байгаа билээ. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн албан бичигтээ “Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын суудалд МАХН-аас нэр дэвшүүлж байхаар эвсэл дотроо тохиролцсон. Мөн Ц.Оюунбаатар Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх саналаа холбогдох хуулийн дагуу гаргасан байна. Тиймээс МАХН-аас Н.Энхбаярыг Шадар сайд, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдын албанд томилуулах хүсэлт ирсэн тул Ерөнхий сайд танд уламжилж байна” хэмээн дурдсан байдаг.
Харин энэ асуудалд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байр сууриа илэрхийлээгүй байгаа билээ. Хэрвээ тэрбээр энэ асуудлыг зөвшөөрвөл Ерөнхийлөгчид зөвшилцөх хүсэлтээ явуулах учиртай. Ямартай ч Н.Энхбаяр Шадар сайд болох эсэх нь Ерөнхийлөгчийн хариултаас шалтгаалахаар болчихоод байгаа юм. Тиймээс л МАХН-аас энэ асуудлыг нэн даруй шийдвэрлүүлэхийн тулд Гацууртын ордоор завсарлага авч, шантаажилж байхыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж http://www.info.mn
URL: