Хар машин АН-д, гараар тоолох нь МАН-д ашигтай хувилбар уу
УИХ дахь намын бүлгүүд сонгуулийн саналыг хар машинаар тоолох уу, гараар тоолох уу гэдэг асуудлыг ярих болов. Уг нь Сонгуулийн тухай хуульд зааснаар хар машинаар санал тоолно, хяналтын тооллого явуулах тухай ч оруулсан байдаг. Өнгөрсөн сонгуулиар хар машинаар анх удаа тоолсон. Энэ тооллогын үр дүнд АН-ынхан олонхи суудлыг авсан гэж МАН-ынхан үздэг. Ингэж үзэж буйгаа ч одоо үйлдлээрээ үзүүлж байна.
Өөрөөр хэлбэл, тэд хар машинд итгэхэд бэрх, тиймээс гараар тоолох ёстой гэдэг шаардлагыг тавиад байгаа. Бүлгийнхээ хурлын үеэр ч уг асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудаас лавлажээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “Хар машинтай танилцъя гэсэн боловч иж бүрдэл нь дутуу байна. Зөвхөн хар хайрцагтай танилцаад байх шаардлага алга. Удирддаг чиглүүлдэг эх кодтой нь танилцуул гэсэн шаардлага тавьсан. Харамсалтай нь эх код нь АНУ-д байдаг гэж байна.
Үүнтэй холбогдуулж СЕХ-ноос давхар гараар тоолохыг юу гэж бодож байна вэ гэж асуухад “байнга гараар тоолооч” гэсэн саналыг тавьж байсан. Ингэж байж хар машины эргэлзээг тайлах шаардлагатай гэж СЕХ-ны удирдлагууд хэлж байна. Тийм учраас МАН-ын бүлэг сонгуулийн хуульдаа хар машинаар тоолохоос гадна давхар гараар тоолохыг үргэлжлүүлэн шаардах болно” гэсэн юм.
Харин нөгөө талд АН-ын бүлэг хар машин ямар ч эргэлзээгүй болохыг хэвлэлийнхнээр дамжуулж олон нийтэд харууллаа. Хэн ямар санал өгсөн байна тийм л хариу гарч буйг сэтгүүлчид харсан. Хар машинд эргэлзээд байгаа бол хяналтын тооллогыг хийж болохыг Сонгуулийн ерөнхий хорооныхон хэлдэг. Тодорхой хэдэн хэсэг дээр хяналтын тооллого хийж үзэх боломжтой аж. Гэтэл АН, МАН хар машин, гараар тоолох асуудлаас болж хуулиа гацаанд оруулах нь.
Улстөрчид сонгуулийн саналыг ямар байдлаар тоолохоос болж асуудал үүсгээд байгаа нь сонирхол татах юм. Хар машин АН-ыг, гараар тоолох нь МАН-ыг гаргаж ирэх гэж байгаа юм шиг л аашлах. Санал тоолох дээр ингэж маргаж буйгаас харвал ард түмний санал өмнө нь үнэн зөв тоологддог байсан уу гэдэгт харин эргэлзэх боллоо. Олон жил гараар тоолж ирсэн МАН ингэж улайраад байгаа нь өмнө нь гараар тоолж байсан нь үнэхээр ард түмний саналын тусгал байсан болов уу.
Мөн АН-ынхан хар машин хамгийн эргэлзээгүй нь гээд байгааг үгүйсгээд байгаа учир үүнд ч мөн эргэлзэж байна. Хоёр том улс төрийн хүчин зөвхөн санал тоолох асуудалд гол ач холбогдлоо өгөөд байгаагаас харахад л сонгуульд өгсөн ард түмний санал үнэн бодит байв уу гэдэг асуултыг гаргаж ирлээ. Үнэхээр тэд үнэн бодит санал л гаргадаг бол өнөөдөр юугаар ч тоолсон болох биш үү.
М.Төр
Эх сурвалж: Tsenzurgui.mn
URL: