Х.Наранхүү, Ч.Сангарагчаа халдашгүй ”эрхгүй”

Монгол Улсын Үндсэн хуульд ард түмнээ төлөөлөн хууль тогтоох дээд байгууллагад суугаа УИХ-ын гишүүд халдашгүй эрхтэй байна хэмээн заасан байдаг. Энэ нь УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад л биш бол төрийн цагдаа баривчилж, прокурор гэрийг нь нэгжиж, шүүх ял оноож болохгүй гэсэн агуулгатай заалт гэдэг. Зөвхөн УИХ-ын гишүүдэд зориулагдсан энэ халдашгүй эрхийг 2006 онд Авлигын эсрэг хуулиар АТГ-ын дарга, дэд дарга нарт олгосон. Энэ эрхтэй холбоотой ойрын үед гарсан маргаанууд олны анхаарлыг ихээр татаж, олон нийтэд ойлгомжгүйгээр шийдвэрлэгдсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Х.Наранхүү, Д.Дондог, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нар бүгд халдашгүй эрхтэй албан тушаалтнууд. Гэтэл тэдэнд холбогдох хэргийг хууль хяналтынхан шалгаж, УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар өөр өөр байрь суурь хадгалж, хэрэгт хандсаар байна.

УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийн хугацаа дуустал шалгаж болохгүй гэж байсан

УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үедээ “MRI” аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол, Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр  худалдсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байсан. Тухайн үед УИХ-аас УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг үйлдэл дээр нь илрүүлээгүй тул УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон үед шалгах боломжтой хэмээн үзэж байгаагаа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос тайлбарлаж байсан. 2005 онд энэ хэрэг гарсан ч 2008 оны сонгуулиар Л.Гүндалай гишүүн дахин сонгогдож, мөн л хэргийг шалгах боломжгүй байдал үүссэн тул түүнд холбогдох хэргийг прокурорын зүгээс түдгэлзүүлээд байсан. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Л.Гүндалай гишүүн Нийслэлийн прокурорын газарт өргөдөл гарган, гэм буруутай талаар маргахгүй тул надад холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан тул түүнд холбогдох хэргийг өршөөлд хамруулаад байгаа билээ.

Ч.Сангарагчаад УИХ-аас эрхийг түдгэлзүүлэлгүй ял оноов
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа агентлагынхаа хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж хувьдаа болон ажилчиддаа орон сууц, ангийн хэрэгсэл гэх мэт зүйл худалдан авсан гэх хэргийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай сөхөн гаргасны дараахан тэрбээр хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, хоёр ажилтнаа тагнаж чагнасан хэрэгт холбогдсон. Энэ хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг удаа дараа УИХ-д тавьсан. Энэ саналын дагуу УИХ-ын чуулган, байнгын хороод удаа дараа хаалттай хуралдсан ч Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа. Гэтэл прокурорын байгууллагын зүгээс Ч.Сангарагчаа нарт эрүүгийн хэрэг үүсгээд зогсохгүй, хоёр шатны шүүхийн шийдвэрээр ял оноож, хориод байгаа билээ.

УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлт тавихгүйгээр хөрөнгийг нь битүүмжлэв

УИХ-ын гишүүн Х.Наранхүү албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг АТГ-аас шалгуулж өнгөрөгч сард мөрдөн байцаагч нь түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, эд хөрөнгийг нь битүүмжилж,  ял сонсгох саналыг прокурорт гаргасан. Түүнд прокуророос таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа  цагдан хориогүй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохдоо  УИХ гишүүний халдашгүй бүрэн эрхийг нь мартаж орхисон бололтой. Түүнийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг  прокурорын байгууллагаас  нэг ч удаа УИХ-д гаргаагүй юм. Өнгөрөгч долоо хоногт эрхэм гишүүний хэргийг нийслэлийн Прокурорын газраас хянаж үзээд  даалгавар бичиж   мөрдөн байцаах ажиллагаанд  буцаасан юм. Сэжигтнээр татагдан шалгуулж буй Х.Наранхүүг  төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт татагдсан юм.Түүнчлэн тус үйлдвэрт олон компанийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдоод буй. Түүнтэй хамт  Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байж болзошгүй хэмээн хариуцагчаар татжээ. Х.Наранхүүд холбогдох албан тушаалын хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг гэрчээр байцаан хариуцагчаар татсан байна. Түүнчлэн иргэний нэхэмжлэгчээр Д.Сүхбаатарыг татсан  бол Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нараас гадна Д.Мөнхбаатар, Н.Буяндэлгэр, О.Цогт, Л.Болор-Эрдэнэ нарыг гэрчээр татаж мэдүүлэг авчээ. Дашрамд дурдахад Х.Наранхүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн нь баримтыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж няцаасаар байгаа юм.

Газар наймаалсан УИХ-ын гишүүн  Дондогийн бүрэн эрхийг гурван удаа түтгэлзүүлэхийг хүсэв

УИХ-ын гишүүн Д.Дондогийн газрын наймаатай холбоотой хэргийг АТГ бус Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд  шалгаж байгаа аж. Тус алба нь зөвхөн хуульч, прокурор, цагдаагийн ажилтантай холбоотой гомдол мэдээлэл, гэмт хэргийг шалгах үүрэгтэй байгууллага мөртлөө яагаад  УИХ-ын гишүүнийг шалгах болов гэсэн асуулт хариулт нэхсээр байна. Зарим нэг хүний хэлэхээр эрхэм гишүүний холбогдсон залилангийн болон газрын наймааны  хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын хоёр   ажилтан сэжигтнээр татагдан хамтдаа шалгуулж байгаа гэх мэдээлэл ч бий. Түүнийг сонгуулийн сурталчилгаа хийх гэж танил болон намын нөхдөөсөө 2.6 сая ам.доллар залилан авч улмаар уг өрөө төлөхийн тулд газрын наймаа хууль бусаар эрхэлсэн гэсэн үндэслэлээр шалгуулж буй.

Уг хэргийг шалгаж эхлэснээс хойш УЕПГ-аас  түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УИХ-ын даргад  гурван удаа ирүүлсэн ч Хууль зүйн байнгын хорооноос түтгэлзүүлэх саналыг хүлээн аваагүй юм.

УЕПГ-аас илгээсэн гурав дахь удаагийн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж Үндсэн хуулиар тогтоосон байдаг тул байнгын хорооны дарга албан тоотоор хариу өгсөн нь Үндсэн хуулийн энэхүү заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.13, 6.15, 21 дүгээр зүйлийн 21.4, 23 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байгаа тул Улсын Их Хурлын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон журмын дагуу Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн холбогдох шийдвэр гаргахыг хүсч Улсын Ерөнхий прокурорын газраас Улсын их хуралд албан бичиг хүргүүллээ” гэж ээ.

Н.Түвшин, С.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих