Шүүхийн шийдвэр биелүүлдэггүй “Жамп”-ын татварын өр 3 тэрбумд хүрчээ

Манай үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг “Жамп” компанийн татварын өр 3.5 тэрбумд хүрч, татварын өрийн хэмжээгээрээ улсад гуравдугаарт бичигдэж байна. “Петро жамп”, “Жамп-Алт”, “Жэй Эм Эс Си” охин ХХК-иараа дамжуулан алт олборлон ашиг олдог энэ компани татварын өрөө төлөх чадваргүй болсон хэмээн Үндэсний татварын албанд мэдээлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Үүгээр зогсохгүй П.Цэрэндаваа захиралтай “Жамп” компанийн нэр дээр бичигдсэн гурван тэрбум төгрөгийн өрөнд тус компанийн эд хөрөнгийг хураахаар шүүхийн ажиллагаа хийгдэж байхад өөрийн эзэмшлийн ашиглалтын лицензээ банкны барьцаанд тавих, охин компаниуд руугаа шилжүүлэх зэргээр татвараас зугтах үйлдэл гаргаж байгаа гэв. Тухайлбал, “Жамп” компанийн эзэмшилд байгаа ашиглалтын лицензээ охин компани болох “Жамп-Алт” руу шилжүүлж, “Жамп-Алт” компани нь ашиглалтын лицензийг банкны барьцаанд тавьсан ажээ. Гэтэл барьцаанд тавьсан лицензийг татварын өрөнд биш, банкинд шилжүүлэх шийдвэр шүүхээс гаргасан байна.

Уул уурхайн лицензийг төрөөс аж ахуйн нэгжүүдэд түрээсэлдэг. Гэтэл түрээсээр ашиглуулж байгаа лицензээ ухуулсан алтны татварын өрөнд хураана гэдэг төр өөрөө өөрийнхөө юмыг хураах боломжгүй байдал үүсгэж байна. Мөн том оврын эксковаторыг хоёр сая төгрөгөөр үнэлэх гэх мэтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эд хөрөнгөө өндөр үнээр хураалгах зэрэг хүндрэлтэй асуудал үүсгэж байгаа ажээ. Дээрх байдлыг үндэслэн “Жамп” компанийн үйл ажиллагааг зогсоох шүүхийн шийдвэр гарсан ч тус компани өөрийн нэр дээрх лиценз, эд хөрөнгөө охин компаниуд руугаа шилжүүлж, хууль бус үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ажээ. Тиймээс Үндэсний татварын албанаас гомдол гарган “Жамп” компанийн нэр дээр бүртгэлтэй орд газраас “Жамп-Алт” компани алт олборлож байгаа болон их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст шилжүүлээд байгаа юм байна.  Улсын хэмжээнд Үндэсний татварын албаны нэхэмжлэлтэй 192 татвар төлөгчийн 31,4 тэрбум төгрөгийн татварын өр байгаа ажээ.

Энэ өрийн 90 гаруй хувийг буюу 29,3 тэрбум төгрөгийн өр нэр бүхий дөрвөн компанид холбогдолтой юм байна. Үүний эхний гуравт “Жамп” компани бичигдэж байна. Мөн “Жамп-Алт”, “Петрожамп” компани “Анод” банкнаас таван удаагийн зээлээр зургаан тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая төгрөг зээлсэн ч өнөөдрийг хүртэл төлөөгүй гэх мэдээлэл бий. “Жамп Алт” компани нь Дорнод аймгийн Баяндун сумын Цагаанчулуут, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам, Галуут сумын Сайрын худаг гэсэн газарт алтны олборлолт явуулдаг юм. Саяхнаас Баянхонгор аймгийн Галуут сумын Балган Уул нэртэй газарт 6000 гаран тууш метр өрөмдлөгийн ажил хийсний дүнд алтны томоохон шороон ордыг илрүүлж, олборлолтод бэлтгэж байгаа ажээ. “Жамп-Алт”, “Петрожамп” компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж  байгаа атал өнөөдрийг хүртэл ард түмний баялагыг ашигласны татвараа төлөлгүй ийн явсаар байна.

C.Заяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих