Хариулт өгч, хагалах хүн нь хэн бэ?

12-15-1_700x700УИХ-ын гишүүн О.Содбилэгийн цахим хуудастаа бичсэн зүйл олны анхаарлыг татаад байна. Хэвлэлүүд нийтэд мэдээлж, албан бус “эксперт”-үүд өөрсдийн дүгнэлтийг хийж байна. О.Содбилэг гишүүн бичихдээ “…Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан, бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ” хэмээсэн юм.

Үнэхээр ч түүний ингэж бичихтэй зэрэгцэн, ялангуяа цахим мэдээллийн хэрэгслээр С.Зоригийн алагдахын өмнөх улс төрийн нөхцөл байдал, Эрдэнэттэй холбоотой асуудлыг бичих болоод байгаа. Түүнчлэн иймэрхүү мэдээлэл дунд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди, ЕТГ-ын дарга С.Баяр нарын нэр ч яригдаад эхэллээ. Үүний зэрэгцээ С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчлаад багагүй хугацаа өнгөрсөн. Саяхан яллагдагчаар татсан тухай хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэхдээ түүнийг чухам ямар хэргээр баривчилсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Надад энэ талаар мэдээлэл байхгүй” гэсэн. Харин Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа Б.Булганыг С.Зориг агсны хэргээр баривчилсан гэдгийг үгүйсгээгүй байна. Тэрээр энэ асуудлыг улстөржүүлэхгүй байхыг л хүссэн байсан.

Энэ бүхнээс харахад С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт “хөдөлгөөн” орсон байж болзошгүй байгаа юм. Гэхдээ О.Содбилэг гишүүний хэлж байгаа шигээр хэргийг “шийдэх” гээд байна уу гэдэг асуулт гарч ирж байна. Тийм болохоор О.Содбилэг гишүүний аавын дотны найз Ерөнхийлөгч асан Н.Багабанди дуугарах уу, юу хэлэх бол гэдгийг олон нийт харж байна. Ер нь энэ асуудалд хариулт өгч, хагалах хүн нь хэн бэ?

Б.Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих