Үндэстний үзэл бол хүмүүнлэг үзэл

Үндэстний үзэл ярих байтугай Чингис хааныхаа нэрийг ч хэлэхээс эмээдэг үе Монголчууд бидэнд байсан. Тухайн үед үндэстний үзэл /nationalism/-ийг арьсны үзэл /racism/, фашизмтай адилтган ухуулж, тархи угаалтыг сайн хийсний горыг өнөөдөр бид амсаж байна.

Монголын төлөө, Монголоо гэсэн хүмүүсийг нацист, фашист гэх цол гуншингуудыг өгч, гутан доромжилж байна. Монголын үндэстнийг нэгтгэн, нягтруулах Националист буюу Үндэстний үзэл өнөөдөр тархи угаалт, оюуны терроризмийн гайгаар Монголын сайн сайхны эсрэг хэрэгсэл болж байна. Монголын төлөө гэсэн хүсэл, ажил бүхнийг нухчин дарах хэрэгсэл болжээ. Үнэндээ үндэстний үзэл бол арьсны үзэл, фашизм шиг өөрийн үндэстэн, түүний онцлогийг бусад үндэстний дээгүүр тавьдаг харгис үзэл биш. Харин ч өөрийн үндэстнийг бусад үндэстний нэгэн адил хөгжиж, цаашлаад хүн төрөлхтний төлөө ажиллах, үүрэг хүлээж хариуцлагатай ажиллах үндэстэн болгох хүмүүнлэг үзэл юм. Энэхүү үзлийг буруу ойлгуулснаар хүмүүс өөрийн үндэстнийхээ талаар “Бид бүгд Монголчууд, Монгол хүчирхэг болох ёстой” хэмээн ярихаас айж, дуугүй явахад хүрчээ.

Ер нь дэлхий дээрхи бүх үндэстний хувьд хэн хэн нь ч хэнээсээ илүү биш бас дутуу дорд биш. Бүх л үндэстэн тэнцүү.

Национализм /nationalism/ буюу үндэстний үзэл нь нацизмаас ялгаатай. Нацизм /Nazism/бол үндэстний социализмын /National Socialism/ товчилсон нэрлэгээ. Нацизм бол Германы үндэстний социалист ажилчдын намын гол үзэл баримтлал.

Өөрөөр хэлбэл Адольф Гитлерийн намын үзэл баримтлал бөгөөд бусад үндэстний дээгүүр өөрийн үндэстнийг тавих хүмүүнлэг бус үзэл. Нацистууд бол антисеминтист буюу еврейчүүдийн эсрэг үзэл баримталдаг байсны хүн бүр мэднэ. Олон сая еврейчүүдийг баривчилж, хорьж, тамлаж, лагеруудад хорьж байсан. Нацизм нь арьс өнгөөр ялгаварлах үзэл буюу рэсизм /racism/-тэй холбогддог.

Фашизм /Fascism/ бол Итали болон Германд Дэлхийн 2-р дайны үед хүчээ авч байсан үзэл. Ганц нам төрийг удирдах ёстой гэж үздэг бөгөөд хүчтэй удирдагч улс орныг авч явах ёстой хэмээн номлодог либерализм буюу эрх чөлөөний эсрэг үзэл юм. Фашизм, Нацизм, Рэсизм нь хоорондоо хамаатай бөгөөд холбоотой байдаг. Герман бол бүх немцүүдэд зориулсан нутаг. Бүх нигерүүдийг дүүжил гэх урианууд бол  фашист урианууд.

Национализм буюу үндэстний үзлийг Нацист, Фашист үзлүүдтэй холбон Монголчуудыг аймгаараа хуваагдах үндсийг тавьж, нэгдэн нягтрахад саад болж байна. Үндэстний үзэл бол үндэстний ашиг, хүсэл сонирхолоо хамгаалхын төлөө хүмүүнлэгээр тэмцэж, хүн төрөлхтний үнэт зүйлийн төлөө ажиллах хүн бүрийг дэмждэг үзэл  Энэхүү үндэстний үзэл үгүй бол үндэстэн оршин тогтож чадахгүй бас бүрэлдэн бий болж ч чадахгүй. Үндэстний үзэл байснаар үндэстэн бүрэлдэн тогтдог. Бид бол Монгол үндэстэн. Монгол улс бол Монгол Үндэстний төв. Тиймээс бүх монголчуудын ашиг сонирхлыг Монгол улсын төр хамгаална. Монгол газар нутаг дээрээ Монгол хүн нэгдүгээрт байх ёстой гэсэн уриалгууд хүмүүнлэг, хаана ч хэрэглэгддэг.

Энэ бол энгийн бөгөөд түгээмэл зарчим. Дэлхийн аль ч улс ийм л бодлого барьдаг. Тиймээс Монгол төрийн бодлого ч мөн ийм л байх ёстой.
Харамсалтай нь гадны колончлол болон ЗХУ-ын харьяанд байсан 70 жилийн нөлөө, үзэл суртал Монголчуудыг өнөөдөр үндэстний үзэл яриулахгүй харин аймаг сум, жалга дов ярьдаг хүмүүс болгосон юм. Өнөөдөр бид халх, дөрвөд, буриад, казак, торгууд, өөлд, баяд, үзэмчин зэрэг хэн нэгний зохиосон нэрүүдээс шалтгаалж хоорондоо хуваагдаж байна. Хэнтий, Увс, Дорнод, Ховд гэж аймгаараа талцан уралдаж байна. Бид бүгд л Монголчууд шүү дээ. Аймгуудын нэр, овог, ястны нэрлэгээнүүд бол бүгд зохиомол зүйл шүү дээ.
Дээл, хувцасны ялгаатай байдал биднийг ялгах үндэслэл болох ёсгүй. Бид хэл ярианы аялгуу бас л ялгах, хуваагдах, талцах үндэслэл болох ёсгүй. “Х” үсгийг “К” гэж хэлснээрээ хоорондоо ялгаатай гэсэн үг биш шүү дээ.

Бид бүгд Монголчууд. Бид бүгд Чингисийн удам. Тиймээс бид одоо бүх худлаануудаасаа салж, өөрийн үндэстний бусад үндэстний адил, нэг түвшинд хүргэхийн төлөө ажиллах ёстой.
Мэдээж хүн төрсөн нутгаа хайртай байдаг. Хүн төрсөн уул, ус, газар шороогоо хайрлахад учир бий. Хоосон аймгаараа талцаж, нутгархахийн оронд аймаг, сумандаа байгаа болохгүй байгаа зүйлсийг сайжруулах хэрэгтэй болов уу.

Төрж өссөн уул усыг чинь ухаж, сүйтгэж байгааг хараад зүгээр сууж байгаа бол нутаг усандаа хайртай хүн гэж хэлэхгүй. Тиймээс аливаа зүйлийг үнэнээр нь ойлгох нь илүү амьдралыг ухаарахад тустай. Үндэсний гэх, үндсэрхэг гэх угтаа бол нэг л зүйлийн тухай ярьж буй л хэрэг. Зөвхөн үгийн ялгаатай бичлэгүүд. Үгийн ард дагавар залгачихаар тэс өөр утгийг илэрхийлнэ гэж байхгүй.  Монгол хүн эх орондоо нэгдүгээрт, монгол хүний дээр юу ч үгүй гэсэн зарчмууд бол хүмүүнлэг бөгөөд ардчилсан зарчим. Үүнийг сонсоод фашист, нацист гэж шүүмжилж байгаа бол тэдгээр хүмүүс монгол хүнийг боолийн амьдралаар амьдар гэж байна л гэж ойлгохоос өөр арга алга.

Эцэст нь хэлэхэд аливаа зүйлийн тухай ярьж байгаа бол мэдэж ярих хэрэгтэй. Мэдэхгүй бол ярих хэрэггүй болов уу?
Б.Гансүх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих