Сөрөг хүчний Бааварсанд /Ил захидал/
Уншигч та бүхэнд энэ удаа М.Зэнээ агсны одоогоос 16 жилийн өмнө Б.Баабарт илгээсэн “Сөрөг хүчний Бааварсанд” нэрт ил захидлыг хүргэж байна. Үүнийг 2009 онд хэвлэгдсэн “Монголоороо үлдэх юмсан” нэртэй М. Зэнээ агсны бичсэн нийтлэл, дурдатгалын эмхтгэлээс авсан болно. Энэхүү нийтлэл хэдий 16 жилийн өмнө бичигдсэн ч өнөөдөр үнэ цэнэ нь алдагдаагүй хэвээрээ байна. Нийтлэлд ямар нэгэн засвар хийгээгүй болно.
Сөрөг хүчний Бааварсанд
/Ил захидал/
Сөрөг хүчний гэдэг нь олон улсын практик амьдралаас харахад өөрийн орны олон улсын нэр хүнд, ард түмний эв нэгдэл, язгуур эрх ашиг, төрийн тусгаар тогтнол, улс төрийн тогтвор, эдийн засгийн аюулгүй байдал, түүхэн уламжлалаа хамгаалах үүднээс гадна, дотоодын элдэн “түрэмгий” бодлогын эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлдэг эх оронч хүн байдаг бололтой. Ихэнх улс орны сөрөг хүчин төр, засгийн зөв бодлогыг дэмжиж, буруу бодлогыг залруулахад анхаардаг. Бусад улс гүрний элдэв даралтаас сөрөг хүчнийхээ нэрийг барьж эрх ашгаа хамгаалж үлддэг арга ч байдаг бололтой. Ийм нэгдсэн бодлогоор улс орныхоо эрх ашгийн төлөө сөрөг хүчин, төр, засгийн бодлого нийлж байдаг байна. Гэтэл манай улсад сөрөг хүчний зарим нөхөд өнгөрсөн түүхээ үгүйсгэх, өвөг дээдсээ муулах, хүн амаа залуу, хөгшин, шинэлэг хуучинсаг хэмээн сөргөлдүүлэх, бусад улс орны үзэл суртал, шашны эрх ашгийг илэрхий хамгаалах, сурталчлах, залуусыг уруу татан түүнд элсүүлэх, ашиг хонжоо хөөцөлдөх, улс төрийн чадваргүй байдал бий болгох гэсэн илрэл ажиглагдах юм. Гадаадын аливаа юмыг хуулж, хоосон дуурайх нь тэр бүр ач тустай биш байдаг. Манайд бусдаас хуулах дуурайхдаа нэлээд туршлагажсан хүн бол Б.Баавар юм. Бид энэ ил захидлыг Б.Бааварт зориулан бичиж байна. Тэрээр 1994 онд “Албан ёсны мангуу” гэсэн нийтлэл бичиж олон сонинд хэвлүүлсэн. Түүндээ намайг элдвээр муулсан байсан. 1995 оны эхээр “Айл гэр болж тоглох, айл гэр болж амьдрах хоёр маш их ялгаатай” ил захидал бичиж УИХ-ын гишүүн болгонд ирүүлсэн. Ил захидалдаа “УИХ-ын гишүүдийг юм мэдэхгүй, ойлгохгүй тэнэг, мангуу” гэж дүгнээд бусад орны ном зохиолоос хуулсан баахан туршлага лекц бичжээ. Б. Баавар ухаантай байж болно. Гэвч бичсэн зүйл нь тийм биш л байгаа юм. Ярьсан бичсэн, зөвлөсөн зүйлийг нь сонсож, уншихад манжийн дарангуйллын үеийн нэг омогтой данжаад шиг л санагдаад байдаг.
МСДН-ын дарга байсан эрхэм Б.Баавар нам, хүн хоёрын шоронд үргэлж хэрүүлийн алим чулуудах юм. Би түүнийг хүүхдийн зохиолд гардаг “Дээвэр дээр суудаг Карлсон” гэдэгтэй төстэй. “Хэрүүл, хараал дээр суусан Бааварсан” гэж нэрлэмээр байна. Б.Бааварсан хэмээх энэ жижигхэн хүнээс үргэлж хэрүүлийн “хий” гардаг бөгөөд нэг онцлог нь өөрөөсөө бусдыг тэнэг гэж үздэг хачин араншинтай нэгэн.
Монголыг судалсан гадаадын хүмүүс монголчуудын ухаантай, хүлээц тэвчээртэй, сайхан сэтгэлтэйг тэмдэглэсэн ном зохиол олон байдаг. “Засгийн газрын мэдээ” сонины 1994 оны 11-р сарын 29-ны дугаарт Америкаас Монголд ирж хоёр жил гаруй багшилсан Жорж Зейкер гэдэг хүний бичсэн зүйл гарсан. Түүнд олон түмэн “Д.Бямбасүрэн, Ганболд, Бат-Үүл, Энхсайхан, Батбаяр (Бааварсан)мэтийн засгийн эрхэнд хадагдах гэсэн хүмүүсийн үймүүлэлт монголчуудын төр, засгаа хүндэтгэх ухааныг хоцрогдол нэрээр хөөсөн нь сүүлдээ Их хурлаасаа батлан гаргасан хуулийг тоохоо байлгах аюул авч ирлээ…” гэжээ. Ховдын малчин Батцэрэн гуай “Улс төрийн галзуу солио туссан нусгайчуудыг бодохоор уур хүрээд байх юм” гэж хэлсэн. “Жинхэн ухаантан нь хөдөөгийн өвгөд юм билээ” гэсэн дүгнэлт хийжээ…
Бааварсан УИХ-ын гишүүдэд бичсэн ил захидалдаа “илжиг мангар, уран сайханч мангар, ардчилсан бас коммунист, фашист, нусаа шаржигнатал татсан хөөрхий, социолизмын үлдээсэн баас, аймшигт мангас, адгуусны зөн билэгт” гэх мэт албан бичигт бүү хэл хар ярианд хэлэмгүй эвгүй үг оруулж, Улс төрөөс гарлаа гэж нэг хэлээд удахгүй буцаж ороод, бусдыг доромжлоод байх нь ухаантан, мэдлэгтэй, соёлтой, ардчилсан хүний шинж биш баймаар. Бааварсангийн ил захидлаас бусдын хор шар малтсан харааж зүхсэн, сэтгэлгээний гажгаа илэрхийлсэн зүйлийг хасвал “хэрэгтэй зарим зүйл” байгааг үгүйсгэхгүй…
Ил захидалд Монгол төр насанд хүрээгүй хүүхдийн тоглодог газар байж болохгүй гэсэн санаа байна. Үүнийг би их дэмжиж байгаа юм.
Үнэндээ төрийн уламжлал сайтай аль ч оронд боловсон хүчнийг шилж сонгох, төлөвшүүлэх, төрийн ажилд сургахад их цаг, хүч зарж, улс төрийн болоод хүн чанарын ноён нуруу суулгах, нас тогтсон үед нь хариуцлагатай ажилд аажим дэвшүүлж шалгаруулдаг юм байна. Манай улс төрчдийн нэлээд нь ноён нуруу сайнгүй, үнэнийг хийгээд шударга байх талаар боловсроогүй байгаа нь ажиглагдана. Дэлхийн аль ч улс өөрсдийнхөө эрх ашгийн төлөө зүтгэх, оюуны болоод материалын хувийн сонирхол ихтэй, ашиглаж болох хийсвэр хүмүүсийг тухайн орноос юуны түрүүнд сонирхож, өөгшүүлэн түлхдэг тал бий. Үүнд амарха урхилагдах хүмүүсийг төрд гаргах нь үндэсний эрх ашиг хохирдог. Төрийн албанд зүтгэх хүмүүс сэтгэлийн тэнхээтэй байвал уг нь сайнсан.
Шар хадны эмнэлэгт хориод жил их эмч хийсэн Т.Бумаа гуай саяхан “ЗГМ” сонины 1995.04.15-ны дугаарт өгсөн ярилцлагадаа… 90-ээд оноос хойш зарласан өлсгөлөнгүүдийг ажиглахад манайд эмчлүүлж байсан хүн дотор нь олон байдаг. Өнгөц харахад тэдэн шиг цэцэн цэлмэг ухаалаг яриатай хүн байхгүй. Гэтэл эмнэлэгт 10 гаруй удаа хэвтсэн байх жишээтэй… гэж хэлснийг бодох л хэрэгтэй. Цаг үе нь ямар нэ хэмжээгээр ийм хүмүүс дураар авирлах хөрс шороо болж байгаа учир юм л бол жагсаал цуглаан, өлсгөлөн, гүжир гүтгэлэг хийх гэмт хэрэг архидалт газар авах, төр засаг руугаа дайрч давшлах, олон түмнийг хууран мэхлэх, ажил хийхгүй, элдэв нам эвсэл байгуулах, шалиг завхайг сурталчлах, биеэ үнэлэх явдал, газар авч байх шиг…
Бааварсангийн бичиж олон сонинд хэвлүүлсэн “Албан ёсны мангуу” гэсэн зүйлд ганц хоёр санаа хэлмээр байна. Би жил гаруй дуугай байлаа. Гэвч та бүхэн ямагт овоо босгох тул заримдаа хариу өгмөөр л байдаг. Ц.Элбэгдоржийн “үхэр”, Бааварсангийн “гэдсээрээ сонгууль өгдөг”, “мангуу хүмүүс”, Б.Цэндоод “уяаны нохой” гэж хэлүүлээд байгаа сонгогчид маань та бүхний үздэг шиг мулгуу биш гэж би боддог…
Бааварсангийн сонгуульд хэдэн удаа нэрээ дэвшүүлэн харамсалтайяа ялагдсан болон ерөнхий сайд болно гэж бүх ард түмэнд зарласан нь бүтэхгүй байгаа нь даруу биш, бусдыг доорд үздэгтэй нь холбоотой ч байж болох шүү дээ.
Намайг “Албан ёсны мангуу” гэж дэлхий дахинд зарласанд би гомдох эрхгүй. Маркс, Ленинийг ингэж үздэг хүмүүс намайг ч аргагүй биз. Уг нь мангуу гэдэг нь хятадаар мэнгү буюу монгол гээн үг лдээ. Бааварсан олон хэл мэддэг учир урд хөршийн хэлээр намайг “Албан ёсны монгол” гэж байгаа бололтой юм. Энэ нь цаад утгаараа төрийн эрхэнд байгаа хүмүүсийн М.Зэнээгээс бусад нь жинхэнэ биш, хуурамч цус сааралтсан, худалдагдсан, монгол зан заншил, түүх соёлоо сайн мэдэхгүй “эрлийз” маягтай болчихлоо гэсэн санаа ч юм шиг. Ингэж хэлж уг нь болохгүй лдээ. Жишээ нь би Ц.Элбэгдоржийг “Албан ёсны монгол” гэж хүндэлдэг. Хэдийгээр өвөг аав Монгол нь 1922 онд Синьцзян-Уйгарын орноос авааль эхнэр, арваад настай хүү Цахьяагаа дагуулж, ардын хувьсгал ялсан Ар Монголд амьдрахаар ирсэн ч тэд монгол л хүмүүс. Харин тэр үед Монгол гуай нэгэн жарны дараа ач хүү нь “ардчиллын алтан хараацай болж, жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлаж, төр засгаа харааж нууцийг нь урд хөршид дэлгэж бужигнуулах” юм гэж бодоогүй байж болно.
Сүүлийн үед “Монголын залуучууд” сонинд УИХ-ын гишүүдийг сайн, муу гэж баахан бичив. Бичиж байгаа нь МАХН-ын нэр дээр сонгогдсон УИХ-ын гишүүн гэж хүмүүс ярьж байгаа. Хууль тодорхой болгож өгөх байх. Зарим гүтгүүлж, доромжлуулсан гишүүд хуульд хандсан. Хууль тодорхой болгож өгөх байх. Миний бодоход тэр муу хэлүүлээд байгаа хүмүүс нь ноён нуруу, хүн чанар гайгүй, зөв улсууд шиг санагддаг. Нэг үгээр бас л “албан ёсны монгол” байж болох хүмүүс гэж боддог. Уг нь төрийн хүн алдаа дутагдлыг нүүрэн дээр нь хэлж, засуулах олон түмэнд үнэнийг хэлэх, тэдний төлөө зүтгэх ёстой болов уу. Гэтэл манай зарим залуус улс төрийн элдэв хүчний мэхэнд орж, тэдний алдааг хэлдэг хүмүүсээ захиалгаар зориуд муулж байж боломгүй.
Өндөр настан Г.Зинамидар гуайн “АЭ” сонины 1994.09.22-ны дугаарт нийтлүүлсэн “Тархины хий судлалын мөрөөдөл”-ийг уншаад талархсанаа хэлэх нь зүйтэй гэж бодов. Намайг өмөөрч Бааварсанг “муу” хэлсэнд нь биш. Үнэнийг бичсэнд нь төр, ард түмнээ гэсэн сэтгэлийг минь дэмжсэнд нь баярлаж явна. Хот хөдөөгийн олон хүмүүс хаана ч очсон талархаж явдагт нь сэтгэл өег байдаг. Зарим нэг нь дургүй байдаг байх. Би төрийн том алба хаших гэж дарга сайд болох гэж яваагүй. Их цалин авч, тусгай хангамж эдэлж, унаа машин унах гэж бодоогүй. Дөчин жил төр барьсан өвгөн буурал удирдагчаа хүний ёсноос гартал муу хэлээгүй. Хувийн эрх ашиг, эд мөнгөний төлөө эрх чөөө, тусгаар тогтнолоо мартаж, шашнаа худалдаагүй. Би олон түмнээ өлс, жагс, эсэргүүц, бослого гарга, төр засгаа унага, орос хятадыг харааж зүх гэж уриалаагүй. Ийм болохоор надад юунд нь муу байх ёстойг ойлгодоггүй. Харин ийм юм хийдэг хүмүүсийг улсаа, эх орноо, эрх чөлөө, тусгаар тогтнолоо, ард түмнээ, залуу үеэ бодооч, улс төрийн ноён нуруутай байгаач. Хөрш улс орнуудаа хүндэтгэж харьцаач гэж л хэлж, ярьж, бичиж, ухуулж явсан. Түүх хар, цагааныг ялгаж өгөх бизээ. Би энэхүү ил захидлыг Бааварсанд бичихдээ монгол орны өнгөрсөн түүх, өнөөгийн бодит байдыг харьцуулж сайн ойлгооч, Монголын өвөрмөц онцлогийг ард түмний уламжлалт зан заншлыг хүндэтгээч гэж гуйх гэсэн юм. Дандаа гадны юм хуулж, дуурайж, гуйж байдгаа багасгаач гэж гуйх гэсэн юм. Өөрөөсөө бусдыг “тэнэг мангуу” гэж доромжлохоо зогсоовол яасан юм гэж хүсэх гэсэн юм. Хуучин шинэ дэвшилт байдалд орж болно. Гэхдээ бэлтгэлээ хангаж төр, ард түмнээ үймүүлж бужигнуулахгүй, ухаалаг, улс орны онцлогтоо тохирсон зөв зам сонгох ёстой гэж боддогоо хэлэх гэсэн юм.
Коммунизм, социализмыг эсэргүүцэх үзлээрээ нэрд гарч ЗХУ-аас гадаадад дүрвэн гарч удаан хугацаанд байсан нэрт зохиолч А.Солженицын Орос орны өнөөгийн байдлыг дүгнэж хэлсэн зүйл миний бодож явдагтай төстэй байгааг анхаарч болох юм. Тэр сонгуулийн талаар “Та нар ойр орчныгоо харж байна. Тэдний хийж буй зүйлсийг хэр шударга, шударга бусыг ч харж байна. Үнэхээр амьд улсыг сонго лдоо. Хөтөлбөр ч үгүй, бас нам бус ч байж болно шүү дээ” гэжээ. Энэ санаа Бааварсантай сүрхий зөрж байгааг ажиглаж болно. Тэр цааш нь “Бүтэн 3 жил эдийн засгийн шинэчлэл хийсний үр дүн, эх орны үйлдвэрүүд сүйрч, ард түмэн нийтээрээ үгүйрснийг юу гэж үзэх вэ гэвэл энэ бол шинэчлэл биш сүйтгэл гэмээр байна. Хэмжээ хязгааргүй, хориг хуульгүй, хулгай дээрэм балмагдуулж байна. Гэмт хэрэг дэлхийг донсолгосон хэмжээнээс ч хэтэрлээ. Гэмт хэрэгтэй тун үлбэгэрхэн тэмцэж байна. Яагаад гэвэл төрийн аппарат нь гэмт хэрэгтэй холбогдон “орооцолджээ” гэж хэлсэн байна. Монгол орон өнөөдөр яг л ийм байна. “Сөрөг хүчин” гэж нэрлэдэг манай залуу удирдагчид хэдэн арван саяар нь гартаа мөнгө эргүүлж баяжиж, хөлжиж, туйлж байгааг юу гэж үзэх вэ? Монгол орон Ю. Цэдэнбалын үед хэзээ хэнтэй улсын өмчийг хувааж авч, алт диллер тоглож, мөнгөний ханш унагааж, юмны үнэ өсгөж, бүх нийтээр нь архидуулж, завхайруулж, арьс өнгөний өвчин тарааж, алаан хядааныг сурталчилж, үр хүүхдээ хүмүүжүүлэх үлгэр жишээ багш нар ажлаа хаяцгаа гэж уриалж байсан юм бэ? Энэ бүхнийг ухаант Монгол хүмүүс эргэцүүлэн бодож, улс орныхоо төлөө нойр хоолоо хасан ажиллаж хөдөлмөрлөх цаг боллоо. Зүгээр суугаад, жагсаа өлсөөд улсын сан нэмэгдэхгүй шүү дээ. Энэ бүхнийг бодож ард түмнээрээ даажин тохуу хийхгүй байхыг Баабарсанд хүсэх байна.
Мэндийн Зэнээ
URL: