Нүүрсний эрин дууслаа

4cc9629af0aaba9709cf8b0ad3e49ece

Арваннэгдүгээр сарын 30-нд Францын нийслэл Парис хотноо эхэлсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурал өндөрлөлөө. Энэ удаагийн хурал нь Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн дээд хэмжээний уулзалтын 21 дүгээр чуулган бөгөөд 195 орны 50 мянган төлөөлөгч оролцсон юм. Конвенцид нэгд-сэн орнуудын уулзалтууд 1992 оноос хойш жил бүр болдог хэдий ч энэ удаагийнх шиг ийм өндөр түвшинд, өргөн хүрээтэй хэлэлцэж байсан удаагүй билээ. Өнгөрсөн бямба гарагт Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус гэрээний төслийг улс орны төлөөлөгчдөд танилцуулан энэхүү гэрээг дэмжин ажиллахыг уриалжээ.

Тэрбээр ”Хуралд оролцогчдод хандан хэрвээ бид энэ удаа бүтэлгүйтвэл, дахин эхлүүлэх зүрх зориг үлдэхгүй. Ирээдүй хойч, үр хүүхдүүд маань биднийг хэзээ ч уучлахгүй” хэмээв.
• НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Оршин тогтнохын тулд эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй. Ажил дууслаа. Үр дүнг нь харах үлдлээ” гэж хэлжээ.
• Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Энэ бол дэлхийн түүхэн эргэлтийн цэг байх болно. УлС орон бүр хэрэгжүүлэх боломжтой” гэв.
• БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Гао Фен “Өнөөдрийн итгэл найдварыг бид бүтээлээ” гэжээ.
• АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Бид хамтдаа хичээвэл юуг ч хийж болно гэдгийг харуулсан түүхэн гэрээ боллоо. Гэхдээ төгс гэж хэлж болохгүй байх. Эх дэлхийгээ аврах хамгийн оновчтой боломж энэхүү гэрээ байх болно гэдэгт итгэж байна”
• Афганистан Улсын төлөөлөгч “Энэ хурал олон жилийн өмнө болох ёстой байсан юм. Парисын гэрээ улс орон бүрт тэгш боломж олгосон, түүхэн гэрээ болж чадлаа”
Яриа хэлэлцээ өнгөрсөн бямба гарагийн өглөө хүртэл үргэлжилсэн бөгөөд гэрээний эцсийн зорилго нь дэлхийн агаарын температурыг цельсийн хоёр градусаар бууруулахад чиглэсэн байна. Мөн 2020 он гэхэд Уур амьсгалын ногоон санд 100 тэрбум ам.доллар хуримтлуулахаар болжээ.
ГЭРЭЭНИЙ төслийн XАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ
•Энэ зууны хоёрдугаар хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг хэвийн хэмжээнд хүргэх
•Дэлхийн агаарын температурыг цельсийн хоёр градусаар бууруулах
•Таван жил тутам дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулж буй эсэхэд хяналт тавих
•Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын тусламжтайгаар 2020 он гэхэд 100 тэрбум ам.доллар хуримтлуулж, ядуу буурай орнуудад хүлэмжийн хийгээ бууруулахад тусламж болгон олгох
•Уулзалт зохион байгуулж, төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж байх.
ШИНЖЭЭЧИД
Дэлхийн байгаль хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Дэвид Нусбаум “Тодорхой зорилготой, урт хугацааны гэрээ боллоо. Парисын гэрээ зөвхөн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад анхаараад зогсохгүй, дэлхийн дулаарлын улмаас эрсдэлтэй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй улс оронд ч анхаарлаа хандууллаа”
Их Британийн Уур амьс-галын өөрчлөлтийн судалгааны төвийн захирал Коринн Ле Күерре “Хурлаар олон орон нүүрсийг хэрэглээнээс халахаа амласан, гэхдээ чулуужсан түлшний цаана олон мянган хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, ард иргэд бий гэдгийг мартаж болохгүй”
Уур амьсгалын өөрчлөл-тийн учруулж буй хор нөлөөг судалдаг “Потсдам”
Иоахим Шеллинхубер “Бизнес эрхлэгчид, иргэд, ялангуяа хөрөнгө оруулагчид нүүрсээр галладаг цахилгаан станцад бус сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулна гэдэгт итгэж байна”

ХУРЛААР УЛС ОРНУУДЫН ӨГСӨН АМЛАЛТААС:
БНХАУ-2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 60-65 хувиар бууруулж, нүүрсийг хэрэглээнээс хална.
ОХУ-2030 он гэхэд 1990 онтой харьцуулахад хүлэмжийн хийн ялгаруулалтаа 70 хувиар бууруулна.
ИХ БРИТАНИ-2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 онтой харьцуулахад 80 хувиар бууруулна.
ЭНЭТХЭГ-Эрчим хүчний уламжлалт эх сурвалжийг богино хугацаанд байхгүй болгоно гэдэг бараг л бүтэхгүй. Харин цэвэр болгох хэрэгтэй. Хөгжингүй орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад илүү үүрэг хүлээх ёстой. Тус улсын Холбооны сайд Пиюш Гоял “Энэтхэг 2017 он гэхэд чулуужсан нүүрс импортлох шаардлагагүй болно. Харин сэргээгдэх эрчим хүчний чадлаа тав дахин нэмэгдүүлнэ” хэмээн мэдэгджээ.
КАНАД-Дэлхийн уур амьсгалынөөрчлөлтийн
асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулна. Засгийн газраас хөгжингүй улс ор-нуудыг хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахад нь дэмжлэг болгон гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн
ЯПОН-Киотогийн протоколыг баталснаас хойш дэлхийн дулаарал буурах бус улам нэмэгдсэн. Энэ удаагийн гэрээний төслийг бодит ажил болгохыг хичээн ажиллах болно гэжээ.
БРАЗИЛ-Таван жил тутам улс орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулсан эсэхийг хянахыг дэмжиж байгаа.
АФГАНИСТАН-2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 13.6 хувиар бууруулна.
Африкийн хэд хэдэн улс болон арлын орнууд гэрээний  эцсийн хувилбарыг харалгүй, түүхэн гэрээ болж чадсан хэмээгээд дэмжин ажиллана гэдгээ амлажээ.

1997 оны уулзалтаар баталсан Киотогийн протокол уур амьсгалын өөрчлөлт дэх хөгжингүй орнуудын үүрэг ролийг тодотгосон гэрээ байсан юм. Америк тэргүүтэй том гүрнүүд Хятад шиг уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нөлөөлж буй хөгжиж буй орнууд адилхан хариуцлага хүлээхгүй байна гэсэн үндэслэлээр гэрээнд нэгдээгүй нь яваандаа Киотогийн протокол анх төлөвлөж байснаас хавьгүй бага үр нөлөө, өөрчлөлт авчирсан гэрээ болж хувирахад ихэд нөлөөлсөн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 15 дахь чуулган буюу 2009 оны Копенгагений уулзалтаар гишүүн орнууд хөгжингүй болон хөгжиж буй орнууд ялгаагүй бүгдээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн ч зорилтуудаа тодорхойлсон гэрээг баталж чадаагүй. 2011 онд Өмнөд Африкийн Дурбанд болсон 17 дахь уулзалтаар Европын орнууд, хамгийн бага хөгжилтэй орнууд (LDC) болон Латин Америкийн орнууд хамтран Америк, Хятад, Япон улсыг зөвшилцөлд хүрсэн гэрээ батлахыг дэмжихэд түлхэц өгсөн бол хөгжиж буй орнууд бүх улс хөгжлийн түвшнээс үл шалтгаалан уур амьсгалын эсрэг зайлшгүй болон сайн дурын арга хэмжээг адилхан авах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Улс орнуудыг өргөн хүрээнд хамарсан гэрээ гэвч батлагдаагүй хэвээр байсан юм.
1992 оноос хойш жил бүр хийж буй Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтад улс орны төрийн тэргүүнүүд ихээхэн ач холбогдол өгдөггүй байсан бөгөөд дэлхий нийтэд хүлээлт, итгэл найдвар бий болгож байсан Киотогийн протокол, Копенгагений гэрээ нь зөвхөн цаасан дээр л үлдэж, бодит амьдрал хэрэгжсэн нь үгүй билээ. Харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалт урьд урьдны уулзалтуудаас ихээхэн ялгаатай болж өнгөрлөө. Энэ удаагийн уулзалтад дэлхийн бүх улс орон оролцсон бө-гөөд зөвхөн дэлхийн дулаарал болон хүлэмжийн хийг бууруулахад анхаарлаа хандуулаад зогсохгүй, дэлхийн дулаарлаас үүдэн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа улс орнуудад тусламж үзүүлэхээр болов. Мөн улс орнуудаас хатуу амлалт шаардаагүй, улс орон бүр өөрийн хувь нэмрээ оруулна гэдгээ мэдэгдсэн. Гэрээний хэрэгжилт, үйл явцийн талаар таван жил тутам шалгалт хийж ахиц дэвшил саад бэрхшээлийн талаар хэлэлцэжбайхаарболсон гэх мэт олон давуу талтай хурал болж өндөрлөв. Зарим улсын төрийн тэргүүн дахин Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурал зохион байгуулах шаардлагагүй боллоо. Одоо зөвхөн энэ гэрээний үр дүнг хүлээх үлдлээ хэмээж байсан бол бусад нь энэ удаагийн хурал олон жилийн өмнө болох ёстой байсан юм хэмээж байлаа.
Ц.ДАВААСАМБУУ
ҮНДЭСНИЙ ШУУДАН

URL:

Сэтгэгдэл бичих