АТГ “Баавгай”-г шалгаж болохгүй юу

-“УБТЗ” ХНН-т онц их хэмжээний хохирол учруулсан Г.Сэрээнэндорж, С.Я.Усольцева нар ажлаа хийх эрхтэй юу-

“УБТЗ” ХНН-ийн даргаар ажиллаж байсан Г.Сэрээнэндорж, Замын даргын Санхүү эрхэлсэн орлогч С.Я.Усольцева нар нь “УБТЗ” ХНН-ээс “Жаст групп”-т төлөх өглөгийн хэмжээнд дүйцсэн вексель буюу дөрвөн сая ам.долларын векселийг 2013 оны хоёрдугаар сарын 18-нд бчичиж өгсөн хэрэг одоо ч АТГ-т шалгагдсан хэвээр байна. Тэдний вексель бичсэн үйлдлээс “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүтэй үгсэн хуйвалдсан, тус компанийн бизнесийг дэмжих зорилгоор Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр, албан тушаалын байдлаа хэтрүүлэн Векселийн тухай хууль, “УБТЗ” ХНН-ийн дүрмийг зөрчсөн байдал илэрч, Эрүүгийн хуулийн 263.2, 264.2, 150.3, “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 150.3-т заасан гэмт хэргийн шинжтэй тул АТГ-ын  Мөрдөн шалгах  хэлтэст уг хэргийг шалгах болсон.

Гэвч “УБТЗ”-ийн ХНН-ийн дарга асан Г.Сэрээнэндорж Ерөнхий инженерээр, С.Я.Усольцева Замын даргын Санхүү эрхэлсэн орлогчоор ажилласан хэвээрээ байна. Харин учирсан хохирол болох 4 сая ам.долларыг, түүний хүү 380 мянган ам.долларын хамт “УБТЗ” ХНН Төрийн банкинд төлөхөөр болсон. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Гомбосүрэн овогтой Сэрээнэндоржийг сэжигтнээр тооцох тогтоол энэ оны нэгдүгээр сарын 27-нд гарч, Г.Сэрээнэндорж өөрөө гарын үсэг зурж зөвшөөрсөн байдаг. Мөн оны тавдугаар сарын13-нд эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол гарчээ. Үүнд, “2013 оны зургадугаар сарын 11-нд “Арвижих групп” ХХК нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ23 загварын шинэ, ашиглалтад явж байгаагүй сэлгээний илчит тэргийг 816 сая төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан байдаг. Гэвч “Арвижих групп” ХХК нь ОХУ-д 1987 онд үйлдвэрлэгдсэн, ашиглалтын хугацаа дууссан, хувийн дугааргүй, объектийн гэрчилгээгүй төлөвлөгөөт засварын хугацаа дууссан илчит тэргийг “УБТЗ”-д нийлүүлж тус байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгтэй хуурамч векселийн хэргийг нэгтгэхээр болсныг дурджээ.

Ингээд энэ оны есдүгээр сарын 2-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид Г.Сэрээнэндоржид холбогдох 201526020178 дугаартай хэргийн нотлох баримтуудыг хүргүүлсэн байна. Энэ хооронд Г.Сэрээнэндоржийг Цагдан хорих 461 дүгээр ангид хэд хоног саатуулсныг эс тооцвол Г.Сэрээнэндорж, С.Я.Усольцева нар тайван амгалан ажлаа хийж явна. Харин “УБТЗ” ХНН Төрийн банкинд 4 сая 380 мянган ам.доллар төлөхөөр болсон.

Монгол Улсын Векселийн тухай хуульд зааснаар тухайн байгууллага учруулсан хохирлыг “өчиггүй” төлөх ёстой байдгийг мэдээд “УБТЗ”-ын оросууд ч, ашиглалтын хугацаа нь дууссан сэлгээний вагон “шахсан” тал ч, Оросуудтай урт удаан хугацаанд түншилсэн “Жаст”-ын Ш.Батхүү ч, хамгийн гол нь тэдний гар, хөлийн үзүүр болж хууль зөрчсөн гэмтэн Г.Сэрээнэндорж ч ийнхүү хохирол барагдуулахад огт санаа зовохгүй байгаа бололтой. Тэр ч байтугай ажлаа хийгээд энх тунх аж төрж байна. Энэ бүхний цаана Оросын талын дарамт, шахалт дор энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үү гэдэг эргэлзээ хэнд ч төрөөгүй гэж үү.

Сануулахад, УБТЗ-ын дарга асан Н.Сэрээнэндоржийг АТГ-аас энэ оны зургадугаар сард баривчилж хорьж байсан даа. Тэр үед “Баривчилчихаж гэнэ” хэмээн шуугилдаж байхдаа 2014 оны аравдугаар сарын 31-нд  Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхиий хорооны дарга, “РЖД”НХН-ийн дэд ерөнхийлөгч В.Н.Морозовоос нэгэн албан бичгийн тухай, тодруулбал, “Оны эхний есөн сарын байдлаар 17 тэрбумын алдагдалтай ажиллаад байгаагаа мэдэж байгаа юу. Багаараа ирж уулз,тайлангаа сайн бэлдээрэй дээ” гэсэн утга агуулсныг дээрх үйл явдалтай холбон бичиж байснаа санаж байна.

“Үнэн хэрэгтээ 17 тэрбумын алдагдлын томоохон жинг Оросуудын “шахсан” өнөөх “Railbus” үүсгэсэн. Баригдах гээд байвал нягтлан нь цонхоороо тайлан тооцоогоо чулуудчихна, тосоод зогсож байсан хүн ч эдүгээ эрүүл энх, тарган цатгалан яваа гээд хөгжилтэй түүх олонтой. Харин одоо инээд нь ханиад болж эхэллээ. “УБТЗ”-ыг ашигтай ажиллуул гэдэг оросуудын даалгаврыг Монголын эрх ашгийг зөрчин байж биелүүлсэн Н.Сэрээнэндорж хоригдлоо” гэж бичиж байлаа.

Харин өнөөдөр нөхцөл байдал яаж эргэв. Оросын талын даалгаврыг үнэнчээр биелүүлсэн Г.Сэрээнэндорж хамаг хавтаст хэрэг нь жин тан болчихоод, тэгсэн хэрнээ ажлаа хийж сууна. Замын даргын Санхүү эрхэлсэн захирал С.Я.Усольцева ч мөн адил. Гэтэл Л.Пүрэвбаатар тэдний хуйвалдаж зувчуулсан алдагдлыг төлөхөөр гарын үсэг зурчихсан байдаг. Гарцаагүй төлж таарна. “УБТЗ”-ыг ашигтай ажиллуулах, түүнээсээ ажилтан, ажилчдынхаа цалинг нэмэх энэ бүхэн Л.Пүрэвбаатарын төлөвлөгөөн дээр л үлдэх байх. Гол үүрэг нь Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн нөхдийн хохирлыг барагдуулах, цаад эзэд нь ноён Иван байх нь хамаагүй. Ийм л байдалтайгаар “баавгайнууд” бидэнтэй ах дүүгийн барилдлагаа үргэлжлүүлж байна.

Яагаад Монгол Улсын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй “баавгай”-нуудад Монголын хууль үйлчлэхгүй, эвсэл хэн нэгэн монгол дарга үйлчилж, өмнөөс нь ялыг нь үүрэх ёстой гэж. Тэдэнд “тэр даргын дарамт, шахалтаар үйлдсэн” гэж үнэнийг өчөөд эрх чөлөөтэй явах боломж бий шүү дээ. Тийм биш бол тусгаар улс гэж явах, хамтын ажиллагаа гэж ярих утгагүй бус уу. Ядаж энэ зүрх, зориг нь дутаж хуулийн өмнө дарга нараа хамгаалан хариуцлага хүлээсэн Г.Сэрээнэндорж Ерөнхий инженерийнхээ ажлыг хийгээд, хатагтай Усельцова Санхүү “эрхлээд” суугаад байх эрх зүйн үндэслэл бий гэж үү. Хэн тэднийг Монголын хуулиас хаацайлж хамгаалаад, “өөр газар” байлгаад байгаа юм бэ. Цаашид “баавгай”-гаа хамгаалсан дарга нарыг “баавгайтай нь” хамт хариуцлага хүлээлгэж болохгүй гэж үү.

У.Оргилмаа

Эх сурвалж: Baabar.mn


URL:

Сэтгэгдэл бичих