Шадар сайдын “Процедур”

http://www.bolod.mn/Upload/news/said_e.jpg

Нэг их тоодоггүй томилгоо нь явчихдаг Шадар сайд дээр МАХН-ын дарын нэр тавигдсан нь өнгөрсөн 7 хоногт шуугиан дэгдээв. АН-ын нэг сайд Н.Энхбаяр засагт ирвэл шууд давхар дээлээ тайлаад гишүүний ажлаараа дагнана гэж ам гарав.

Манжингийн үлгэр шиг татаад байхад сугардаггүй  давхар дээл Намбарын хүү ордонд тухлах сургаар өөрөө тайлагдаад байх шинжтэй. Ерөнхий сайд ч Архангайгаас яаран тайлбар илгээлээ. Манай төр ч үнэндээ хошиг шог болсон юм байна даа.

Хөөрхий элэг дөрвөөрөө байгаа эрүүл мэндийн сайдын суудал нь наймаа тохироонд явж байгаа юм байна. Ерөнхий сайдын хэлснээр бол энэ суудлыг өмчилсөн МАХН-ын төлөөлөл Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд гурав хамт сууж байгаад “их олон удаа” ярьсан юм байна. Тэгээд хоёр хувилбар дээр тогтож ярьсан гэж байна. Нэг нь одоогийн хувилбар. Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох хувилбар. Нөгөө нь Ерөнхий сайдын онцлон дүгнэж хэлснээр “Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг” ЭМС-ын сайдаар тавих хувилбар байжээ.

МАХН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржийн” Ерөнхий сайд өөрөө санал тавьсан” гэдэг нь үнэний хувьтай. Нөгөө талаас энэ хувилбарыг МАХН-ын зүгээс гаргаад Ерөнхий сайд хувилбар хоёроо зөрүүлж тавьсан бололтой. Мэдээж Н.Энхбаяр дарга нь улсын Ерөнхийлөгч хийж үзсэн хүн шадар сайдад шууд улайраад байх нь хаашаа юм. Энэ нөхцөлд Ерөнхий сайдын хувьд та өөрөө шийд дээ гээд гарчихаж. Цаанаа бол нэгэнт санаагаа хэлсэн тул тэгсгээд болчих байх буюу өөрийг нь Шадар сайд болгох саналыг Ерөнхий сайд өөрөө гаргасан байвал цаашаа саад багатай гэж харсан л байлгүй. Гэтэл Ерөнхий сайдын зүгээс хувилбар хоёр буюу Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийгээ ЭМС-ын сайдаар тавих хувилбараа шууд явчуулчих шинжтэй болоод эхэлсэн байх л даа. Энэ нь одооноос Эрүүл мэндийн яамыг манайх саах болсон гэх утгатай юм хэлээд байгаа АН-ын төлөвлөгөөнд нийцэж байгаа. Ийм болохоор команд авсан бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ бэлэн дараад байсан намын даргаа шадар сайд болгож холио солио хийх хүсэлтээ нисгэсэн байж таарна.

МАН-ыг засгаасаа үдсэний дараа АН-ын МАХН-тай хийсэн гэрээний салшгүй хэсэг нь сайдын суудал. Анх 3 сайдтай байхаар тохирч явснаа сүүлдээ нэг яамыг нь мултлах гээд эхэлсэн. Үл тоомсорлосон иймэрхүү хандлагыг Н.Энхбаяр дарга зүгээр өнгөрөөхгүй гээд МАН-д хандарч эвсэн нэгдэх шум босгосон. Маргааш нь нэг сайд нь хэрэгт холбогдчихсон. Тэгээд л эвдрээд яахав эвээ сахья гээд Ерөнхий сайдын хэлснээр Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга нар сууж байгаад их олон удаа ярьсан бололтой.

Энэ ярилцлагын үр дүн буюу шадар сайдын асуудал эвээ сахисан тохироондоо хүрэхгүй бол МАХН-ын хувьд гомдохоос аргагүй гэдэг болж МАН руугаа тууштай алхаж магадгүй. Үүнийг мэдэрч байгаа Ерөнхий сайд сая Архангайгаас хийсэн тайлбараараа Н.Энхбаяр даргад “бас хэцүү байна шүү” гэсэн учирлалаа дайсан харагдана.  …Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магадлал, мэдээлэл ч авдаг журам байдаг… гэсэн буюу таны хувилбараар явуулахад саад их болсон шүү л гэж дамжуулсан харагдаж байна. Энэ учирлал бүгд л учир жанцантай.

МАХН-ын зүгээс шадар сайдыг Н.Энхбаяр даргадаа өгөх санал тавингуут Ерөнхийлөгчийн зүгээс найдвартай “хориг” ирнэ гэж байдлыг хурцлах хүмүүс олон байна. Арай ч бас нэг хүнийг зууж занасан мэт тэгэхгүй байлгүй дээ. Ерөнхийлөгч “Хуулиа л дага” гэх болов уу гэж зөөлрүүлж хүлээе дээ.

Ямар ч байсан ирэх долоо хоногт бүрэн эрхийн дагуу хууль эрх зүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ гэдгийг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна гэж Ерөнхий сайд хэлсэн. Ингээд харсан чинь Эрүүл мэндийн сайдын томилгоо хийх “процедур” нь нөхөн томилгоо төдий бус эвслийн засгийн судсыг барьсан шинжтэй болчихжээ.

П.Баяр


URL:

Нэр: Зочин Огноо: 16 December 2015

энхбаяр гуай өөрөө ч юун увайгүй юм, тэр баянсэлэнгэ гэдэг балай авгай угаасааа овилгогүй амьтан долдойдсон
ардчилсан нам Шадар сайд Эрүүл мэндийн сайд хоёроо өөрсдөө аваад хүнээ сонго, МАХН-ын уваайгүй нөхдүүдээс хол явах хэрэгтэй шүү

Сэтгэгдэл бичих