Г.Угалзцэцэг: Одоо бодибилдинг, фитнессийн дасгалжуулагчаар ажиллана

Тэвчээр хатуужил шаарддаг бодибилдинг, фитнессийн спортоор тууштай хичээллэж Монголоос анх удаа дэлхийн аварга болсон Г.Угалзцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физик ангилалд алтан медаль хүртсэн юм

-Юуны өмнө танд дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Бодибилдинг, фитнессийн тамирчид тэмцээний шалгаруулалтын өмнө хоол, усаа хязгаарласнаас сульддаг гэсэн. Тэмцээн дууссанаас хойш нэлээд хэд хонолоо. Та бие физилогийн хувьд хэвийн байдалдаа орж чадав уу?-Баярлалаа. Би хангалттай амарч чадаагүй л байна. Гадуур гарахаараа таксинд зүүрмэглэчихээд байгаа шүү. /инээв/ Дэлхийн аваргад оролцсон тамирчид тэмцээн дууссаны дараа Патайяад хоёр хоног амарсан. Дулаан уур амьсгалтай байсан учраас бидэнд амрахад тохиромжгүй байсан. Эх орондоо ирснээс хойш үндсэн бэлтгэлдээ ороогүй ч ачаалал бага өгөх дасгал хийхгүй бол болохгүй. Бэлтгэлээ гэнэт хаяхаар жин нэмэх гээд байдаг юм. Бүтэн жилийн турш хоол ундаа зохицуулаад явчихсан учраас гэнэт хөдөлгөөнгүй болох нь эрсдэлтэй.

-Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд жил бэлтгэл хийсэн юм уу?

-Жилийн өмнө бэлтгэл хийж эхлэхдээ л дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зорилго тавьсан. Зорилгоо биелүүлэхийн тулд хот, улс, Азийн аварга  шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох шаардлагатай байсан юм. Бэлтгэлээ сайн хийсний үр дүнд бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг тамирчид оролцдог. Тиймээс тэмцээний үеэр төлөв- лөөгүй зүйл тохиолдов уу?

-Дэлхийн аварга миний хувьд хоёр дахь гадаадын тэмцээн. Анх Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход биеийн хөгжлийн хувьд төстэй тамирчидтай өрсөлдөж байлаа. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний санаснаас тэс ондоо болсон. Европын бүсгүйчүүд төрөлхийн сайхан галбиртай, өгзөг гуяны булчин нь Азийн тамирчдаас ялгардаг. Тиймээс тэмцээний эхний үед өөрийгөө чамлах үе гарсан ч тэмцээндээ амжилттай оролцлоо. Гэхдээ Европын тамирчдын хувьд булчингаа ялгаруулах чадвар муутай байсан. Тэдний энэ дутагдал бидний хувьд давуу тал боллоо. Мөн европчууд мөр, гарын булчингаа хөгжүүлэх талаар тааруу ажилласан юм шиг санагдсан.

-Та өмнө нь ямар ажил эрхэлж байгаад спорт руу “урвасан” бэ?

-Гэрэл зурагчин байсан. Гэрэл зургийн хувийн студи ажиллуулдаг байсан болохоор өглөө, орой спортоор хичээллэх боломжтой байсан юм. Намайг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход “Хувийн дасгалжуулагч хийгээд өгөөч” гэж хүмүүс санал тавьж байсан ч дэлхийн аваргад оролцох гээд түр хойшлуулсан. Одоо хүмүүсийн хувийн дасгалжуулагчаар ажиллана даа.

-Таны нэрийн талаар асуумаар байна. Угалзцэцэг танд эцэг эхээс өгсөн нэр үү эсвэл спортынх уу?

-Ээж маань намайг гэртээ хээтэй хивсэн дээр төрүүлсэн гэсэн. Тэр үед намайг эх барьсан эмээ хээтэй хивсэн дээр төрснийг бэлгэдэж Угалзцэцэг хэмээн нэр хайрласан гэсэн.

Б.СЭЛЭНГЭ


URL:

Сэтгэгдэл бичих