Махны үнэ буурч, гурил, будааных хэвэндээ байна

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/- ноос гаргасан Монгол Улсын энэ оны эхний 11 сарын эдийн засгийн байдлын талаарх мэдээллийг Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг өнгөрсөн баасан гаригт танилцууллаа.

Хамгийн түрүүнд хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.8, өмнөх долоо хоногийнхтой жишэхэд 1.3 хувиар буурсан байна. Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.7, үхрийнх 6.3, адууных 3.6, ямааных 6.2 хувиар буурчээ.

Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 4340, үхрийнх 5595, ямааны ястай мах 3690 төгрөг бол үхрийн цул мах 7135 төгрөг, адууных 4530 төгрөг байгаа аж.

Харин энэ сарын байдлаар задгай I зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өсч, савласан II зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөгдөөгүй байлаа. Будаа, элсэн чихрийн үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад нэг төвшинд гарчээ.

Төсвөөс олгосон тэтгэврийн хэмжээ 7.4 тэрбумаар өсчээ

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 11 сард нийт 192 мянган хүнд 135 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 10.4 мянга буюу 5.1 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 7.4 тэрбум төгрөг буюу 5.8 хувиар өссөн байна.

“Хүний хөгжил” сангаас энэ оны эхний 11 сард 18 хүртэлх насны нэг сая 276 мянган хүүхдэд 225.7 тэрбум төгрөгийг олгожээ. Харин Нийгмийн даатгалын сангийн орлого нэг тэрбум 306.2, зарлага нэг тэрбум 417.2 сая төгрөг болж, өмнөх оны энэ үеэс орлого 104.7 тэрбумаар нэмэгдсэн байна.

Татварын орлого 182.7 тэрбум төгрөгөөр буурлаа

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 182.7 тэрбум төгрөг буюу дөрвөн хувиар буурчээ. Ингэж буурахад нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 318.6 тэрбум, орлогын албан татвар орлого 51.9 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар, гадаад үйл ажиллагааны орлого 33.2 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Гэхдээ онцгой албан татварын орлого 121.7 тэрбум төгрөг буюу 29.5 хувь, нийгмийн даатгалын орлого 58 тэрбум төгрөг буюу 6.8 хувиар, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 32.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Ажилгүй бүртгэлтэй иргэдийн 56 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 73 мянган 730 эх амаржиж, 74 мянга 137 хүүхэд төржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Нялхсын эндэгдэл 1104 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 хувиар буурчээ. Харин хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 41.6 мянгаар буюу 12.8 хувиар буурсан байна.

Бүртгэлтэй иргэдийн 60 гаруй хувийг 15-34 насны залуус, 56 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн судалгааг ҮСХ-ноос танилцууллаа. Түүнчлэн Монгол Улс энэ оны эхний 11 сард дэлхийн 146 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7737.5 сая ам.доллар, үүнээс экспорт 4242.9 сая, импорт 3494.7 сая ам.доллар байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 22 хувь буурч, үүнээс экспортын хэмжээ 18.2, импортын хэмжээ 27.7 хувиар тус тус унажээ.

Ц.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих