Импортолж буй барилгын материалын үнийг нэмнэ
Сангийн сайд С.Баярцогтын ахалдаг Гаалийн тарифын зөвлөлийн хуралдаан боллоо.
Хуралдаанаар барилгын зарим нэр төрлийн материалд ногдуулж байгаа гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн зориулалттай машин механизм, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас чөлөөлөх, үр тарианд ногдуулж байгаа гаалийн албан татварыг улирлын ялгаваргүйгээр жилийн турш 20 хувь болгож нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм.
Манай Улсад 500 гаруй барилгын материалын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас импортын бүтээгдэхүүнээс шалтгаалан үндэсний үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа тул ижил нэр төрлийн импортын бараанаас хамгаалах зорилгоор барилгын зарим нэр төрлийн материалд ногдуулж байгаа гаалийн албан татварыг нэмэгдүүлэхээр болжээ.
Мөн “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд гаргасан хуулийн заалтыг цаашид үргэлжлүүлэн мөрдөж, 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх, мөн импортлох, дотооддоо борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх тухай авч хэлэлцжээ.
URL: