Дэлхийн хошой аварга С.Батцэцэг чансаагаараа тэргүүлэв
Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн ээлжит чансааг зарлалаа. Шинэ чансааны шилдэг 20-д манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй долоо нийт 14 тамирчин багтжээ.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол 74 кг-д Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ авсан П.Өнөрбат шилдэг гурвын нэг болов.
Түүнчлэн “Алтан гранпри”-д аман хүзүүдсэн Э.Бэхбаяр тав, дэлхийн аваргад шагналт байр эзэлсэн Г.Мандахнаран, Ж.Чулуунбат нар зургаадугаарт эрэмбэлэгджээ. Харин О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга нар шилдэг 20-ийн тоонд багтлаа.
Тэгвэл эмэгтэйчүүдээс дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг 63 кг-ын жинг дахин тэргүүллээ. Мөн 60 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, 69 кг-д О.Насанбурмаа шилдэг наймын нэгээр тодров. Харин Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн, Б.Шоовдор нар хамгийн өндөр чансаатай 20 бөхийн нэг болсон байна. Дашрамд дурдахад, эрэгтэйчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монголын тамирчид энэ удаад дэлхийн чансаанд багтсангүй.
URL: