“ДМЮ” багийнхан Олон улсын тэмцээнд оролцож байна
БНХАУ-ын Хайнан мужийн Санья хот дахь хөлбөмбөгийн өвлийн бэлтгэлийн баазад Бразил, ОХУ, БНХАУ, Монгол Улсын өсвөр үеийнхний хөлбөмбөгийн багууд оролцсон олон улсын тэмцээн энэ сарын 9-нд эхэллээ.
Монголын “ДМЮ” клүбийн 12 хүртэлх насны баг тэмцээний бага насны ангилалд хүч үзэж байгаа бөгөөд эхний хоёр өдөр тав тоглоход гурав хожиж, хоёр хожигдсоноор хүснэгтийн гуравдугаар байрт бичигдээд байна. Тэд эхлээд БНХАУ-ын Хайнан мужийн шигшээ багтай таарч, тоглолтын эхний гурван гоолыг хийсэн ч талбай, бөмбөгтөө дасч амжаагүй, дүрмийн зөрүүтэй ойлголт зэргээс болж эцсийн дүнд 3:4-өөр хожигдсон.
Гэсэн ч удаах хоёр тоглолтдоо БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Зачи” бага сургуулийн багийг 13:0, Тонляо хотын Найман хошууны сургуулийн багийг 11:1-ээр буулган авснаар эхний өдрийг зургаан оноотой өндөрлүүлсэн юм. Харин хоёр дахь өдөр Бразилын алдарт “Флуминенсе”-гийн өөрсдөөсөө нэгээс хоёр насаар ах хүүхдүүдэд 0:11-ээр хожигдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянганы долдугаар сургуулийн багийг 14:1-ээр хожив.
Эхний таван тоглолтод “ДМЮ” клүбийн тоглогчдоос Б.Дамдинсүрэн 13, Ц.Мөнх-Эрдэнэ долоо, Б.Ууганбаяр зургаа, А.Сугарсайхан дөрөв, Б.Эрхэмбаяр, Э.Орчлон, Г.Цэлмүүн, Ц.Намнансүрэн нар тус бүр гурван гоол хийгээд байна.
URL: