Өршөөлийн хуулийн эд эс бүр зөвхөн түүнд л зориулагдаж, түүнийг ялгүй болгоход чиглэжээ
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өргөн барихад л “Н.Энхбаярыг ялаас чөлөөлөхөөр хөөцөлдөж, намын даргадаа зориулсан хууль өргөн барилаа” хэмээн яригддаг байв. Улаан цайм чичирч, Ерөнхийлөгч хориг тавьчихаад байхад хүртэл хуулийн төслөө хуучин хэвээр нь зүтгүүлж байсан цаг саяхан. Гэхдээ УИХ-ын гишүүдийг түмэн олон харж байдаг болохоор Ерөнхийлөгчийн хоригийн хүлээн авч, авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөлд хамруулсангүй. Чухамдаа УИХ-ын гишүүдийн энэхүү шийдвэрийг “Н.Энхбаярыг өршөөлд хамруулсангүй” нийгэм ойлгож, хэвлэлүүд бичиж байв.
З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нарын сүрдүүлэн, халагласан үгс ч нийгэм дэхь ойлголтыг баталгаажуулж байсан юм. Гэтэл энэ нь зүгээр л “жүжиг” байжээ.
Яасан бэ гэвэл, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нарыг “жүжиг” тоглож байх хооронд Өршөөлийн хууль Ерөнхийлөгчийн хориглосноор батлагдаж, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхгүй нэртэй боловч Н.Энхбаярыг ялаас чөлөөлсөн болохыг өчигдөрхөн мэдлээ.
Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүнийг Төрийн өндөр дээд албан тушаалд томилохгүй ёсгүй хуультай. Тэгвэл Н.Энхбаярын хувьд оймсоо гозолзуулж баривчлагдаад, шүүх танхимаас ял сонсож, өлсөглөн зарлаж эмнэлэгт хүргэгдээд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг уучилж, БНСУ-д дүрэвсэн гээд бидний маш сайн мэдэх үйл явдал бий. Түүнийг дахин дэлгэрүүлж бичээд яахав.
Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрийн биеэр уучлал хүссэн хүнд “уучлал” үзүүлдэг. “Саусгоби Сэндс”-ийн Капла нар өөрийн биеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлал хүссэн учраас л тэднийг “уучилсан” хэмээн тайлбарладаг шиг Н.Энхбаяр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн учраас л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагдан хоригдох ялаас нь уучилсан хэрэг. Эндээс Н.Энхбаяр нь ял шийтгүүлсэн гэдгийг тодорхой ойлгож болохоор байгаа биз.
Тэгвэл саяхан маргаан, шуугиан ихтэйгээр батлагдсан өршөөлийн хуулиар авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй гээд маш тодорхой заачихсан байгаа. Гэтэл Н.Энхбаяр авлигын хэргээр ял сонссон, ялтай хугацаа нь дуусгавар болоогүй байхад “Одоо ямар ч ялгүй. Улс төрд дахин орж болно. Өршөөлийн хууль гарч үлдсэн ялын хугацаа нь өршөөгдсөн” гээд тайлбарлаад байгааг л нэг сайн ойлгохгүй байна.
Өршөөлийн хууль нь угаасаа л Н.Энхбаярт зориулагдсан гэдгийг маш сайн ойлгож байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригоор хууль зорилго биелэгдэхгүй нь гэж бодогдож байв. Гэвч хуулийн хориг дэмжигдсэн дэмжигдээгүй Н.Энхбаяр өршөөгдөж, Улс төрд орж ирэх боломж нь нээгдэх ёстой байж. З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, МАН-ын гишүүд, АН-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гурван сарын туршид өрнүүлсэн үйл явдлууд зүгээр л “жүжиг байсан” гэдгийг өчигдөрхөн л ухаарлаа. Өршөөлийн хуулийн эд эс бүр зөвхөн түүнд зориулагдаж, ямар ч хориг саад байсан ялаас чөлөөлөхөөр бүтээгджээ. Одоо тэрээр ямар ч “ял шийтгэлгүй” нэгэн болж, оймс гозолзож, хатаж турсан бүхий л дүр зургууд мартагдаж алга болж, ӨНДӨР ДЭЭД албан тушаал томилогдохоор тохиролцоогоо хийгээд явж байна.
А.Аюуш
URL: