Жижиг чулуугаар том чулууг…
“Баруун аймгуудын шатахуун үнэ буурлаа” гэх мэдээ амнаас ам дамжив. Таатай сайхан мэдээ. Баруун гурван аймгийн шатахууны үнийг төвийнхтэй ойролцоо төвшинд аваачихаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар болон хэвлэл мэдээллийнхэн аян замдаа гарсан юм. Энэ ажил Увс аймгаас эхэлж Баян-Өлгий, Ховд аймгийн шатахууны үнэ 280-400 төгрөгөөр бууруулснаар нутгийн олныг баясгав.
Манай улсын баруун хязгаар Ховд аймгийнхан хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байсан юм. Жишээлбэл, АИ-92 автобензин литр тутамдаа 1940, дизелийн түлш 2090 төгрөгөөр борлуулагдаж байв. Харин өдгөө АИ-92 автобензин 1690, дизелийн түлш 1820 төгрөг боллоо.
Ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ард иргэд рүүгээ тэр дундаа алслагдсан бүс рүүгээ анхаарлаа хандуулж байгаа Засгийн газарт, салбарын агентлаг, холбогдох албаныханд баруун бүс нутгийн талархаж буйгаа уламжилсан юм. Ховд аймгийн иргэн Б.Алтансүх “Би нүүрс зөөж, борлуулдаг сард нэг тонн орчим шатахуун хэрэглэдэг. Шатахууны үнэ буурч байгаа нь маш сайн хэрэг. Баяртай байна” гэв. Энэ мэтчилэн маш олон хүн “Сайн мэдээ, зөв шийдвэр” хэмээн сайшааж байв. Мөн түүнчлэн алслагдсан бүсэд амьдарч байгаагийнхаа төлөөсөнд өндөр үнэтэй шатахуун хэрэглэн, торгуулдаг байсан. Гэтэл төвийн бүстэй адил үнээр шатахуун авах болсон нь амьжиргаанд нөлөөлнө гэх нь ч байлаа. Зарим нэг нь “Арай ч үгүй байлгүй дээ”, “Сонгуулийн шоу эхэлчихжээ” гэх мэтээр элдэв таамаглал чиг дэлсэнэ. Гэвч энэ бүхэн бодит амьдралд түлхэц болох Засгийн газрын шийдвэр байлаа. Үүнийг хэрэгжүүлэх томхон ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын хамт олон тун чиг сайн биелүүлсэн нь энэ. Хэдийгээр Засгийн газраас шийдвэр гаргасан ч зах зээлийн зарчмаар бизнес эрхэлж байгаа учраас тийм ч амар шийдвэрлэх асуудал биш байж. Учир нь бизнесийнхнээ дэмжин ажилласнаар улсын төсөвт төвлөрөх хөрөнгө өсөх учиртай. Харин орлого олох боломжийг нь бууруулах нь тийм ч зөв шийдэл биш гэлцэх. Гэхдээ төрөөс боломж олгож, хувийн хэвшлийнхэн өөрийн олох ашгийн тал хувиас татгалзсанаар энэ сайхан мэдээг дуулгаж, олон хүний нуруун дээрх ачааг хөнгөлөв. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдэг зарчим үйлчилж байгаа нь энэ. Шатахууны үнийг бууруулах ёслол болох үеэр Ховд аймгийн иргэн Б.Эрдэнэ “Говь-Алтай, Ховд аймагт том оврын автомашинаар тээвэр хийдэг. Нэг сард 120 мянган тонн шатахуун хэрэглэж байна. Шатахууны үнийг бууруулснаар сард 40 орчим сая төгрөг хэмнэнэ” гэв. Ингэснээр ажилчдынхаа цалинг нэмэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаад тэрээр олзуурхаж буйгаа илэрхийлсэн.
Ховдчууд “Шатахууны үнэ ядаж 50 төгрөгөөр буурдаг болоосой” хэмээн мөрөөдөж байсан ажээ. Энэхүү мөрөөдөл нь биелэсэн байна. Биелэх, биелэхдээ 50 төгрөгөөр буурах биш бүр найм дахин давж биелэжээ. “Мөрөөдөл биелдэг юм”, “Зүүд биш байгаа даа” гэдэг нэвтрүүлэг бэлдэж байгаа юм биш биз гэх нэгэн таарч байв.
Ингээд сайн мэдээ, сайн үйлсийг бүтээж яваа багийнхан Говь-Алтай, Баянхонгор аймгаар дайраад нийслэл хотыг зорив. Зам зуурын сонин хачныг сонирхож явтал баруун гурван аймгийн шатахууны үнэ буурахтай зэрэгцэн хил залгаа аймгийн шатахууны үнэ буурсан байлаа. Тухайлбал, Говь-Алтай аймагт өнгөрсөн даваа гаригт АИ-92 автобензин 2040-аас 1780 төгрөг болж 260 төгрөгөөр, дизелийн түлш 2040-өөс 1910 болж 130 төгрөгөөр буурчээ. Хэдийгээр хязгаар нутагт шатахуун хүргэх тээврийн зардал өндөр байдаг гэж байгаа ч зөв шийдвэр, харилцан ойлголцол их үйлсийг бүтээж буй хэрэг. Дараагийн удаад зүүн гурван аймагт “дайлаар” мордохоор зэхэж буйгаа албаныхан дуулгасан. Тун удалгүй шатахууны үнийн ялгаа арилан эргэлтийн хөрөнгө, хуримтлал өсөх нь дамжиггүй биз ээ.
Жижиг чулуугаар том чулууг хөдөлгөх их аян амжилттай эхэлсэн юм. Учир нь Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн шатахууны үнэ буурах үеэр Говь-Алтай, Баянхонгор, Завханд бага зэрэг буурч байгаа сайхан мэдээ цуурайтлаа.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: