Найман хувийн хүүтэй зээлийг зогсоосон буруутан хэн бэ

Арилжааны банкуудын эзэд хуралдаж найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг түр хугацаагаар зогсоосон тухай шийдвэр гаргасан нь иргэдийн анхаарлыг татсан топ сэдэв болон хувирлаа. Ялангуяа орон сууцны зээл авахаар зэхэж, баримт материалаа бүрдүүлэн, урьдчилгаа төлбөрөө бэлдэж байсан иргэдийн хувьд энэхүү шийдвэр хүнд цохилт болсон гэхэд болно. Чухам ямар шалтгаанаар найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг  зогсоох болсон талаар сонирхлоо.

Бүх асуудал иргэн А.Базарын өргөдлөөс үүсэлтэй…

Иргэн А.Базар нь “Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна” гэх утга бүхий гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан. Энэхүү шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн дунд болон Их суудлын хуралдаанаар хэлэлцэн дээрх гомдлыг хүлээн авснаар найман хувийн хүүтэй зээлийг түр зогсоох эхний шалтгаан болсон гэхэд болно. Энэхүү шийдвэрийг арилжааны банкуудын эзэд эрсдэл үүсгэж байна гэж үзэн УИХ-аас хэлэлцэн эерэг шийдвэр гаргах хүртэл найман хувийн хүүтэй зээлийг түр хугацаагаар олгохоо зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ талаар Монголын банкны холбооны дарга О.Орхон “Монголын арилжааны банкуудад эрсдэл дагуулах, халгаатай шийдвэрийг цэцээс гаргалаа. Иймээс Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрээс үүдэн иргэд болон банкуудыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс бага хүүтэй олгож байсан зээлийг түр зогсоолоо. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр нь банкуудыг эрсдэлд оруулж, иргэдэд хүндрэл учрууллаа. Хэрэв УИХ-аас энэ асуудлыг шийдвэрлэх юм бол зээлийг үргэлжлүүлэн хэвийн олгож эхэлнэ” гэсэн юм.

Ирэх долоо хоногт УИХ-д холбогдох хуулийг өргөн барих тухай мэдэгдэл гаргалаа

Монголын банкны холбооноос Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчлэх шаардлагыг тавьж буй. Энэхүү шаардлагын дагуу буюу иргэдэд орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг дахин хэвийн олгуулж эхлэхэд онцгойлон анхаарахаа УИХ дахь АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс мэдэгдэн хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд “Иргэний болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцээс гарсан дүгнэлтийг УИХ дахь АН МАХН МҮАН хүчингүй болсон нь үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэн хүлээж аваагүй. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Иргэний болон Үл хөдлөх хөрөнөгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчлэн орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангасан мөн гэр хороолын иргэлдийн газрыг өмчлүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн нэмэлт өөрчлөлтийг ан махн мүн хамтран саначилж нэн яаралтай УИХ-аар батлуулахаа мэдэгдэж байна” гэжээ.

Иргэдэд ташаа мэдээлэл түгээсэн АН-ынхныг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан даруйд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны найман хувийн зээлийг 20 хувь болгууллаа” гэх мэдээлэл гарч эхэлсэн. Харин энэхүү мэдээллийг АН-аас зориудаар түгээсэн гэж МАН-аас үзэж, тус намын гишүүдийг буюу ташаа мэдээлэл түгээсэн хүнийг шалгуулахаа мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Цэц банкны зээлийн хүү хэд байхыг хэлэлцэж шийддэг газар биш. Хэрвээ Цэц зээлийн хүүг шийддэг газар юм бол одоо бүгдээрээ нийлж байгаад орон сууцны зээл хүүгүй байна гээд хандъя. Мэдээж Цэц тийм шийдвэр гаргахгүй шүү дээ. Найман хувийн зээлтэй хүн арилжааны банктай байгуулсан гэрээнийхээ дагуу найман хувиа төлнө. Үүнийг 20 болгодог ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. АН төрийн бүх эрхийг барьж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд АН-ынх. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнийг 2012 оны сонгуулийн дараа томилсон. Цэцийн хоёр өөр дүгнэлтийг хольж хутгаж, ийм арчаагүй, ядарсан аргаар улс төр хийхээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна” гэж мэдэгдсэн юм.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн цэцийн хоёр өөр шийдвэрийг зохион байгуулалттайгаар хольж хутгаад, МАН зохион байгуулсан гэдэг гүтгэлэг тарааж байгаа нь Ардчилсан нам эдийн засгийг самарч, банк санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл нэмэгдэж, зээл олголт хумигдаж, ард иргэдийн амьдрал, бизнесийн орчин хүндэрсний бурууг өөрсдөөсөө зайлуулах гэсэн башир арга боллоо гэж үзэж буй.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, найман хувийн хүүтэй зээлтэй холбоотой асуудал ямартай ч ирэх долоо хоногийг дуустал магад багагүй хугацаанд маргаан дагуулж, асуудал үүсгэх бололтой.

Д.Жаргал

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: зочин Огноо: 11 December 2015

8-н хувийн зээл өөрчлөгдвөл ард түмэн яах болж байна. төр засаг минь

Сэтгэгдэл бичих