Сонгуулийг ирэх аравдугаар сард явуулах тохироог АН болон МАХН-ынхан хийх гэж байна

Сонгуулийн жил ойртож буй энэ цаг үед Монголын улс төрд янз бүрийн л онцгой сонин содон үйл явдлууд өрнөж байна.

Зарим гишүүд өөрийн тойрогтоо очиж нүүрс, сүү, бидон дүүрэн будаа гэх зэргийг иргэдэд бэлэглэж явна. Сонгууль болоход ердөө зургаанхан сар үлдлээ гэхэд болно. Харин сонгуульд оролцоход бэлэн байна уу гэдэг эргэлзээ төрүүлж эхэллээ. Тодруулбал, улс төрийн намууд сонгууль эхлэхээс өмнө нэн яаралтай сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардаж эхэллээ. Өчигдөр тэрхүү хүсэлтээ биелүүлж өгөхийг эрх баригчдаас шаардаж 21 намын төлөөллүүд жагсаал зохион байгуулсан. Сүүлдээ жагсаал нь суулт болж хувираад байгаа.

Хамгийн гол асуудал нь санал тоолох хар машинтай холбоотой. Учир нь хар машин эргэлзээ төрүүлж буй тул гараар давхар тоолох хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж байна. Мөн тэд УИХ-ыг сонгуулийн хуулийг өөрчлөх асуудалд хойрго хандаж буйг давхар сануулж байна.

Харин сонгуулийн хуулийг өөрчлөх асуудалд эрх баригчид төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа аж. АН болон МАХН-ынхан 2016 оны ээлжит сонгуулийг ирэх есдүгээр сард юм уу эсвэл аравдугаар сард хийхээр битүү ярилцаж, тохироо хийж буй юм байна. АН-ын зүгээс ирэх долдугаар сард болох АСЕМ-ын чуулга уулзалтыг энэ Засгийн газраар хийлгэх хэрэгтэй. Сонгуулийн дараа гарч ирсэн шинэ засаг урдын хийж байсан ажлыг үргэлжлүүлнэ гэдэг хэцүү. Тиймээс АСЕМ-ыг дуусгаад сонгуульд оръя гэдэг тохироо хийхээр яригдаж эхэлжээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших эрх ирэх есдүгээр сард нээгдэх гэнэ. Тиймээс МАХН-ынхан АН-аас тавьж буй энэ саналыг таатай хүлээн авч буй ажээ. МАХН-ынхан сонгуулийг хойшлуулах санаалчлагыг эртнээс гаргаж байсан. Тэд өнгөрсөн аравдугаар сард сонгуулийн хугацааг өөрчилж аравдугаар сарын 20-нд хийж байх хуулийн төслийг бэлэн болгосон гэж эх сурвалжууд мэдээлж байсан. Эх сурвалжийн мэдээлснээр уг асуудал МАХН-ын түвшинд ерөнхийдөө шийдэгдсэн, одоо зөвхөн өргөн барих ажил л үлдсэн байна. Харин хуулийн төслөө хэзээ УИХ-д өргөн барих нь тодорхой бус байгаа юм. Монголчууд 70 жилийн өмнө 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо зарлаж анхын сонгуулиа өгч байжээ. Тиймээс энэ өдрийг сонгосон гэнэ.

Энэ мэдээллийг гарах үед улс төрийн хүрээнийхэн яагаад гэнэт сонгуулийг өдрийг өөрчлөх тухай яригдаад эхэлсэн талаар анхааралтай ажиглаж байсан ч намын даргынхаа эрхийг нээгдэхийг хүлээсэн цаад зорилгыг нь олж чадаагүй юм.

Ерөнхийдөө өөрсдийн эрх ашигт нийцүүлэхийн тулд сонгуулийн хугацааг ийнхүү өөрлчөхөөр АН болон МАХН-ынхан ийм тохироо хийхээр ярилцаж байгаа юм аж. Тэд үүндээ сөрөг хүчин болох МАН-ыг нэгдэхийг ятгах гэж байгаа гэнэ. Үүнийгээ баталж АН-ынхан өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурлаасаа Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцсний дараа Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх саналыг гаргасан гэх мэдээлэл байна.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: aagii Огноо: 12 December 2015

taraaj erthen yavuulah ni hamgiin zuv alham ,es bogoos ard tumen tesehed hetsuu baina

Сэтгэгдэл бичих